Janet Jackson: Би одоо ч өөрийгөө ахиж гэрлэнэ гэдэгт итгэлтэй биш байгаа | News.MN

Janet Jackson: Би одоо ч өөрийгөө ахиж гэрлэнэ гэдэгт итгэлтэй биш байгаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Janet Jackson: Би одоо ч өөрийгөө ахиж гэрлэнэ гэдэгт итгэлтэй биш байгаа

 Janet
Jackson удахгүй фенүүдээ баярлуулах бололтой. Тэрбээр энэ есдүгээр
сарын 11-нээс эхлэн дэлхийг тойрон тоглолт хийх гэнэ. Jackson: “Яг
одоогоор би шинэ цомгоо хийж байна. Үүний дараагийн ажил бол бид
дэлхийг тойрон аялан тоглолт хийх гэж байгаа” хэмээн ярьжээ. Өдгөө 41
нас хүрч буй дуучин энэ бямба гаригт Холливудын “Kodak” театрт болох
“Ижил хүйстнүүдийн дарангуйллын эсрэг холбоо”-ны ээлжит 19 дэх удаагийн
хэвлэл, мэдээллийн шагнал гардуулах ёслолд оролцох гэж байгаа гэнэ.
Түүний ярилцлагыг толилуулъя.

-Та яагаад энэ ёслолд оролцох болсон юм бэ?

-Би
өмнө нь ДОХ өвчний эсрэг үйл ажиллагаанд оролцож байсан. Би энэ өвчнөөр
өвчилсөн хүмүүст жилийн турш тусалж байна. Магадгүй үүнээс ч болсон
байж мэднэ, би ахиад буяны юм уу, сайн дурын ажил хийх хэрэгтэй юм
байна гэдгийг ойлгосон.


-Би таниас ёслолд оролцохдоо юу өмсөх гэж байгаа талаар чинь асуумаар байна л даа?

-Би Ralph Laure-ын хувцас өмсөх гэж байгаа.

-Ellen-ы шоунд оролцож байхдаа та хоёр чин сэтгэлээсээ ярилцаж байсан. Миний бодлоор Ellen чамд “дурласан” байх аа?

-Би түүнийг үнэхээр хүндэлдэг. Тэр их ухаалаг бас хөгжилтэй. Түүний хажууд байхад их хөгжилтэй байдаг юм. Гайхалтай.

-Таны нохой бид хоёрын анхаарлыг сарниулах нь байна шүү. Ямар үүлдрийнх вэ?

-Бульдог. Тэр өдөржингөө л ингэж эрхэлдэг юм.

-Ингэхэд та хэзээнээс өөрийгөө ижил хүйстний билгэ тэмдэг болсон гэдгийг мэдсэн бэ?

-Би
хэзээ ч энэ талаар бодож үзээгүй юм байна. Хүмүүс намайг билгэ тэмдэг,
домог гэж ярьж байхад миний толгойд ийм бодол төрж байгаагүй. Нэг удаа
би Европоор аялж байхдаа шоунд оролцсон юм л даа. Тэгэхэд намайг домог
болсон Janet Jackson гэж танилцуулсан. Тэгээд л тэгж хэлэх болсон юм
байлгүй дээ.


-Таныг хэн нэгэн ижил хүйстэн эсвэл бисексуал
гэж хэлвэл та дургүйцдэггүй юм байж. Тэгвэл та ижил хүйстэн байсан бол
хэн таны хувьд хамгийн сайхан бүсгүй байх бол. Гурван эмэгтэйг нэрлэвэл?

-Бурхан
минь, юу гэж хариулмаар юм бэ дээ. Надад гурван сайхан эмэгтэй санал
болговол би тэднээс сонгож чадахгүй байх аа. Гэхдээ миний бодлоор би
Alicia Keys-ыг сонгоно гэж бодож байна. Учир нь тэр гайхамшигтай бүсгүй.


-Oprah, Alicia болон та гэсэн хүчирхэг хүүхнүүд дандаа яагаад лесби гэсэн худал цуурхалд автаж байдаг юм бэ?

-Магадгүй
бид хүчирхэг хүүхнүүд учраас тэгдэг байж магадгүй. Хүмүүс эмэгтэй хүн
хүчирхэг байдаггүй гэж боддог биз дээ. Тэгээд л хардсан юм байлгүй.


-Танд хэн хамгийн анх өөрийг чинь ижил хүйстэн гэсэн цуурхал тарсан талаар хэлж байсан бэ?

-Би
сайн санахгүй байна. Хүмүүс хэрэгтэй, хэрэггүй зүйл ярихдаа сайн шүү
дээ. Нэг удаа надаас: “Энэ бүхэн таны санааг зовоохгүй байна уу? гэж
асууж байсан. Хариуд нь би “Яагаад намайг зовоох ёстой гэж” хариулсан.
Ямар байна…


-Нэг өдөр таны найз залуу өөрийгөө гомо болсон гэж хэлбэл яаж хүлээж авах вэ?

-Би
ёстой сэтгэлээр унах байх аа. Яагаад гэвэл би түүнтэй л хамт байхыг
хүсдэг шүү дээ. Заримдаа би найз залуудаа эмэгтэй хүн байхаас залхаж
байна. Хойд насандаа эр хүн болж төрнө. Харин чи миний эхнэр болоорой
гэж тоглоом, шоглоомоор хэлдэг юм.


-Анх ДОХ-ын вирус илэрч
байх үед олон хүн өөд болж байсан. Танд тэгэхэд юу бодогддог байсан бэ?
Таны найзуудаас энэ өвчний улмаас өөд болсон хүн байдаг уу?

-Тийм
ээ. Би олон найзыгаа энэ өвчний улмаас алдаж байсан. Тэр дунд миний
хүндэлж, хайрлаж явдаг найз минь хүртэл өртөж, өөд болсон. Түүнийг Jose
гэдэг байсан юм. Бид хамт ажилладаг байлаа. Түүнтэй хамт байхад их
сайхан. Түүнийг би өвчтэй болон удахгүй өөд болох гэж байгаа талаар
сонсох үед их хэцүү байсан. Их гунигтай байсан үеийн минь нэг л дээ.
Аймшигтай байсан.


-Та түүнтэй өөд болохоос нь өмнө уулзаж чадсан уу?

-Үгүй
ээ. Би хэтэрхий оройтсон байсан. Надад боломж гараагүй л дээ. Хэцүү үед
нь уулзах үнэхээр аймаар санагдаж байсан. Одоо ч миний сэтгэл энэ тал
дээр их өвддөг.


-Та ДОХ-оос айдаг уу?

-Тийм ээ. Энэ
өвчний талаар хүн бүр тодорхой мэдээлэлгүй байдаг байсан. Хэн, хэнгүй л
айдаг байсан мөртлөө зөвхөн ижил хүйстнүүдэд л тохиолддог өвчин гэж
итгэхийг хүмүүс оролддог байсан. Дараа нь харин учрыг нь мэдээд бүгд
үнэнээсээ айдаг болсон байх.


-Та ямар нэгэн гаж зуршилгүй
сайхан амьдарч байгаа хүмүүсийн нэг л дээ. Холлиудад ингэж амьдрах
хэцүү юм шиг санагддаг. Та яаж энэ бүхнээс хол байдаг вэ?

-Энэ
бол таныг ямар хүмүүс хүрээлж байгаагаас шалтгаална л даа. Би зөв
замаар хүмүүжсэн хүн. Магадгүй энэ л надад тусалсан байх. Гэсэн ч
хүмүүс насанд хүрсэн хойноо буруу замд уруу татагддаг. Гэхдээ энэ бүхэн
хэн чамайг хүрээлж байна гэдгээс хамаарна. Би ямар нэгэн зүйлд донтсон,
буруу замаар орсон хүмүүсийг мэднэ л дээ. Гэхдээ би тэднийг үзэн ядах
биш харин ч чадах чинээгээрээ туслахыг хүсдэг.


-Та ижил хүйстнүүд хоорондоо гэрлэх тал дээр ямар байр суурьтай ханддаг вэ?

-Би
энэ асуудлыг хууль ёсны хүрээнд байгаасай гэж боддог шүү. Хурим,
гэрлэлт гэдэг бол заяаныхаа ханийг олсон үед хийдэг зүйл. Нэгэнт л тэр
хүнээ олж ямар нэгэн байдлаар холбогдсон бол энэ нь тэр хүний хувьд
гайхалтай аз завшаан. Намайг хар л даа. Би одоо ч өөрийгөө ахиж гэрлэнэ
гэдэгт итгэлтэй биш байна. Гэхдээ энэ нь би хайрлахаа болино гэсэн үг
биш л дээ.


-15 настай гомо хүү ижил хүйстнээ сонирхдогийн
улмаас өнгөрсөн хоёрдугаар сард бусдын гарт амиа алдсан. Үүний дараахан
та ижил хүйстнийг үзэн ядаж зүй бусаар хороохын эсрэг үйл ажиллагаанд
оролцсон. Яагаад энэ бүхэн таны хувьд тийм чухал байв аа?

-Тэр
хүүд тохиолдсон явдлыг сонсоод миний зүрх зүсэгдсэн. Хүү дөнгөж
өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэж, өөрийнхөө хэн гэдэгтэй эвлэрч эхэлж
байсан. Тэр хэнийг ч дууриагаагүй. Хэн намайг юу гэж бодох бол гэж
санаа зовоогүй. Зөвхөн өөрөөрөө байж “Энэ бол Би” гэж бусдаас юуг ч
нуулгүй үнэнч шударгаар амьдарсныхаа төлөө амиа алдсан шүү дээ. Энэ бол
хэний ч зүрхийг өвтгөхөөр хэрцгий асуудал байсан. Тиймээс л би энэ үйл
ажиллагаанд оролцсон юм. Цаашид ч оролцох болно. Би тэдэнд сэтгэлийн
дэм өгөхийг туйлаас их хүсч байгаа.


Ч.Анхбаяр /2008 оны 4 сарын 28/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж