”Нүүрсний экспорт ба тулгамдсан асуудал” уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

”Нүүрсний экспорт ба тулгамдсан асуудал” уулзалт болов

Нүүрсний экспорт ба тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2012 оны 4 дүгээр сарын 16-нд ГХЯ-нд болов. Арга хэмжээнд ГХЯ, ЭБЭХЯ, Гаалийн Ерөнхий газар болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эрдэнэс МГЛ”, “Монголын Алт” , “Энержи ресус”, “Эрдэнэс Таван толгой”, “Хүннү Коал” зэрэг компаниас төлөөлөгчид оролцов.

Зөвлөлдөх уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нүүрсний гадаад худалдааны өнөөгийн байдал болон цаашид хийх ажлын талаар үг хэлж, санал бодлоо солилцов.

Мөн ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал Н.Энхтайван “Нүүрсний худалдаа ба цаашид авах арга хэмжээ” сэдэвт илтгэл тавьж хэлцүүлэв.

Нүүрснээс олох орлого, ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хадгалахын тулд энэ салбарын зах зээл, хэрэглэгч, үнэ ханш, нийлүүлэлт, тээвэр, логистикийн талаар төр, засгийн зүгээс бодлогын зохицуулалт хийх боломжийн талаар мэдээлэл солилцов.

Зөвлөлдөх уулзалтаар тулгарч буй сорил, боломж, нүүрсний нийлүүлэлт, татварын зохицуулалт, зах зээлийн өрсөлдөөний талаар, тухайлбал, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байх, мэргэжлийн байгууллагууд нүүрсний ангилал, стандартыг бий болгох чиглэлээр ажиллах, боомтын хүчин чадлыг сайжруулах, нүүрсний экспортын үнийг цэгцлэх үүднээс БНХАУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээ явуулах, нүүрсний экспортонд татвар ногдуулах, квот тогтоох  зэрэг асуудлаар хэлцэв.

Энэхүү зөвлөгөөн дээр яригдсан асуудлыг Засгийн газарт танилцуулж зохих шийдвэр гаргуулах чиглэлээр ГХЯ ажиллах болно.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж