Ойн түймрүүдийг унтраав

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Ойн түймрүүдийг унтраав

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн тарвагатайн гол”, Сангалтайн ам”, дөрөвдүгээр сарын 13-наас мөн аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн Дархан уулын ард “Хайлантын ам” болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Гурамсан” гэдэг газар гараад цурманд асч байсан ойн түймрийг унтраах зорилгоор Улсын онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газрын шийдвэрээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа “Хурын шим” төв болон Сэлэнгэ, Булган аймгийн Ус цаг орчны шинжилгээний албадтай хамтран  дөрөвдүгээр сарын 17-18-нд зохион байгууллаа.

    Энэ үеэр Монгол орны нутгийн хойд хэсгээр баруун хойд чиглэлээр орж ирсэн агаарын нам даралтын орны хотосын нөлөөний дор үүлэнд нөлөөлж хур тунадас зориудаар нэмэгдүүлэх цаг агаарын тохиромжтой нөхцөл бүрдэж байлаа. 

    Байгаль орчны мэдээллийн төвөөс 2012 оны 4 дүгээр сарын 16-нд хүлээн авсан сансрын хиймэл дагуулын зургаас үзэхэд дээрх дурьдсан нутгийн  орчим зургаан  хэсэг газар ойн түймрийн голомт харагдаж байсан бөгөөд 30 гаруй га газрыг хамран цурманд асч байсан ойн түймрийг унтраахаар  Онцгой байдлын төв, орон нутгийн 300 гаруй албан хаагч, иргэд 10 гаруй машин техник дайчлагдан ажиллаж байсан юм.

    Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Бороо-1”, Булган аймгийн “Булган-Бороо-1” экспедициүд оролцож,  4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 11 ширхэг борооны пуужин харвасан байна.

Үүний үр дүнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зэлтэр, Сүхбаатар сумдад 5.0-7.0 мм бороо цас холилдон орсон бөгөөд түймэр асч байсан газруудад түүнээс их хэмжээний тунадас бууж, ойн түймрийн голомтууд унтарсан тухай мэдээллийг тухайн аймгийн Онцгой байдлын газраас ирүүлж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж