Өнөөдөр энэхүү компанийг албан ёсоор танилцуулах нээлтийн ажиллагаа болсон бөгөөд энэ үеэр Канадын элчин сайдын яамны зөвлөх, худалдааны хэлтсийн дарга Софи Бибо хүрэлцэн ирж талархал дэвшүүлсэн ба Канадын ус болон тоосжилтын менежментийн компанийн удирдлагууд оролцсон юм.
Түүнчлэн компанийн албан ёсны нээлттэй холбогдуулан өнөөдөр “Оюуны ундраа” төвд усыг тойрсон болон тоосжилтын асуудлыг шийдвэрлэх арга замын талаар сургалт болж байна. Уг сургалтын хөтөлбөрийг танилцуулбал,
- 10:00-12:30 Усны бохирдол болоод түүнийг хэрхэн шийдэх талаарх сургалтыг Канад улсын мэргэжилтэн /Стефн Ливингстон/
- 13:30-14:30 Уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны тоосжилт, түүнийг шийдвэрлэх талаар Англи улсын мэргэжилтэн /Питр Тисдэль/ тус тус сургалтыг хийх юм.
Канад Монголын хамтарсан компанийн тухай Оюуны ундраа группийн Уул уурхайн хэлстийн дэд ерөнхийлөгч С.Ганбат:
Канад Монголын хамтарсан “OUG Franz environmental LLC” компанийн мэргэжилтнүүд нь уул уурхайн олборлолт, байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж буй компаниудад шинжлэх ухааны үндэслэлтэй зөвөлгөө үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх юм. Түүнчлэн уул уурхайн ажлын төлөвлөгөө, олборлолтын ажлын эхлэл, төгсгөлтэй холбоотой үүсэн гарах байгаль орчны болоод олборлолтын аливаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тал дээр олон жилийн дадлага туршлагад үндэслэн зөв шийдлүүдийг гарган өгч тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.
“Franz environmental” компанийн төлөөллөөр хүрэлцэн ирсэн Стефн Ливингстон:
Компани байгуулах гол шалтгаан нь өнөөгийн байдлаар дэлхий дахинд байгаль орчны нөхөн сэргээлт, усны зохист хэрэглээ, тоос тоосонцрын асуудал хурцаар тавигдаж байгаатай холбоотой. Тиймээс бид Монголд энэ чиглэлийн асуудлыг шийдвэрлэх суурин туршлагатай компани байгуулахаар үйл ажиллагаагаа эхэллээ.Цаашид Монгол орны уул уурхайн салбарт ажиллаж буй компани, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийн тал дээр хамтарч ажиллахад анхаарч, тухайн газрын онцлогийг судлан, зохих судалгаа, зөвлөмжийг гарган ажиллах юм.