Н.Энхбаяртай уулзуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяртай уулзуулахыг шаардлаа

Дөнгөж сая МАХН-ын залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, оюутны холбоо, ахмадын холбоо, иргэний хөдөлгөөний 30 гаруй хүн УЕПГ-т албан шаардлага хүргүүлэхээр явлаа.

Тус шаардлагадаа “2012 оны  дөрөвдүгээр сарын 15-ны өдөр, ажлын бус цагаар АТГ-ийн мөрдөн байцаагч нар МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож буй байранд уулзаж бичлэг хийсэн байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг өмгөөлөгчийг байлцуулалгүйгээр явуулж, түүнийгээ видео бичлэгээр баримтжуулж, түүгээр ч үл барам илт “доромжилж” харьцсан нь Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг илт зөрчсөн үйлдэл болжээ. Анх баривчлах гэж оролдохдоо, баривчлах үедээ, хууль бус баривчилгааныхаа талаар удаа дараа бодит байдалд нийцээгүй худал мэдээ тараасанд бид бүхэн эмзэглэж байна.

Энэхүү ёс зүйгүй үйлдэлүүд нь Монголын ард түмнийг бухимдуулах зорилготой, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан, хөндлөнгийн хэн нэгний захиалгат үйлдэл хэмээн олон иргэд үзэж, санал сэтгэгдэлээ илэрхийлж байгааг мэдэж сонсож байгаа гэдэгт найдаж байна.

МАХН-ын хуульч, өмгөөлөгч, гишүүдийн зүгээс ийнхүү өмгөөлөгчийг байлцуулалгүй бичлэг хийсэн нь мөрдөн байцаалтын бүрдэл хэсэг гэж тооцогдохгүй тухай тайлбарлаж өгсөн тул 2012 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хийсэн бичлэгийг бүхлээр нь хуулбарлан өгөхийг шаардаж байна. Хэрвээ тэр бичлэгийг хуулбарлан МАХН-д хуулбарлан өгөхгүй бол МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрх, нэр хүндэд нь халдаж, доромжилсон гэж үзэх болно.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан түүний амь нас, эрүүл мэндийн байдлыг нь асууж маш олон иргэд бидэнд хандаж байгаа бөгөөд санаатай, улс төрийн аллага зохион байгуулагдах вий гэсэн айдас нийгэмд үүслээ. Иймд Ерөнхийлөгч Н. Энхбаярын гэр бүлийн гишүүд, МАХН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл болох биднийг нэн даруй МАХН-ын дарга Н. Энхбаяртай уулзуулахыг шаардаж байна” гэжээ. Уг шаардлагаа тэд ШШГЕГ-ын дарга М.Ганхүү, АТГ-ын дарга Н.Ганболд нарт мөн хүргүүлэх аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж