
Эрдсийн түүхий эдийн судалгааны байгууллага GFMS-ийн үзэж буйгаар энэ жил дэлхийн зах зээл дэх зэсийн дундаж үнэ 8475 ам.доллар/тонн байх төлөвтэй байна. Хэдийгээр энэ оны эхний хагаст зэсийн эрэлт буурах таамгаар эл металын үнэ буурах ч оны хоёрдугаар хагаст ханш нь чангарч 9000 ам.доллар/тонн-д хүрэх магадлалтай ажээ. Энэхүү таамгаа GFMS оны сүүлээр эрэлт нэмэгдэхээс гадна улс орнуудын Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд хөрөнгө гаргахтай холбон тайлбарлажээ.
Өнгөрсөн жилийн байдлаар зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ 256 мянган тонноор бага байжээ. Энэ жилийн хувьд нийлүүлэлт харьцангуй ихэсч байгаа ч мөн л эрэлтээсээ дутах шинжтэй байна гэж GFMS үзжээ.
Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ жил 8.5 хувьтай байна гэж томоохон банк санхүүгийн байгууллага тооцож байгаа ч, тус улсын Засгийн газар уг үзүүлэлтийг 7.5 хувь гэж зарласан нь ихээхэн зөрүүтэй байгаа юм.
Б.Төгс