Белгийн нэрт теннисчин, “Их дуулга”-ын дөрвөн түрүүт Ким Клейстерс энэ жилийн хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээнийг өнжихөөр боллоо. Оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд дэлхийн тэргүүн теннисчин Виктория Азаранкад ялагдаж байсан тэрбээр өнгөрсөн сард Майамигийн тэмцээнд оролцсон байна. Түүний гуяны бэртэл сэдэрч бүрэн эдгэрээгүй учир ирэх сарын 22-нд эхлэх “Их дуулга”-ыг өнжихөөр болоод байна.
2001, 2003 оны Францын нээлттэй тэмцээний шигшээд шалгарч байсан тэрбээр тухайн жилдээ хосын төрөлд Ролланд Гаррос болон Уимбльдонд түрүүлж байсан байна. Тухайн жилдээ ганцаарчилсан болон хосын төрлөөр дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж байсан Клейстерс 2007 онд теннисийн талбайгаа орхисон ч 2009 оноос эргэн ирж Америкийн нээлттэй тэмцээн хоёр удаа (2009, 2010) мөн Австралийн нээлттэй тэмцээнд (2011) түрүүлсэн бөгөөд түүний тэмцээнээс олсон шагналын сан 23 тэрбумд хүрээд байгаа аж.
“Их дуулга”-ын дөрвөн түрүүт Ким Клейстерсийн хувьд энэ сард чансаа буурч дэлхийн чансааны 40-рүү орж ирсэн байна.
Ч.БОЛОР