АН иргэдийн саналыг 1206-гаар хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

АН иргэдийн саналыг 1206-гаар хүлээн авна

Ардчилсан намынхан иргэдийн санал гомдлыг хүлээн авах “Call center 1206” “тусгай төвтэй боллоо. Эл төвийг нээх ёслол дөнгөж сая Залуучууд зочид буудлын нэгдүгээр давхарт болж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Г.Батхүү, З.Энхболд нар оролцлоо. Тус намынхан 2000 оноос эхлэн иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор 1206 тоот утсыг ажиллуулж эхэлсэн юм байна. Харин одоо үйл ажиллагааг нь өргөжүүлж тусгай төв нээн өдөр бүр 10.00-22.00 цагийн хооронд иргэдийн санал, гомдлыг хүлээн авах болж буй юм. Ард иргэдийн хувьд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс дээрх утсанд холбогдож “Монгол хүн 2020” хөтөлбөртэй холбогдуулан санал бодлоо хэлэх боломжтойгоос гадна сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч саналаа ирүүлж болох гэнэ.

Мөн шүүмжлэл байсан ч Ардчилсан нам хүлээн авч, өөрсдийнхөө алдаа оноог цэгнэх болно гэдгээ тус намын дарга Н.Алтанхуяг онцоллоо. Мөн тэрбээр УИХ-аас УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авахыг оролдох нь хууль зөрчсөн үйлдэл болохыг сануулаад, хэрвээ ийм хууль бус үйлдэл сонгуулийн үеэр гарвал иргэд 1206 дугаарын утсанд холбогдон гомдол мэдүүлэх боломжтой. Тэрхүү гомдлыг намын удирдлагууд бид хүлээн авч, холбогдох газарт шилжүүлнэ. Мөн ингэснээр иргэн та сая төгрөг авах боломжтой гэдгийг дуулгасан юм. Харин “Call center 1206” “тусгай төвийн нээлтийг хийсний дараахан иргэд уг дугаараар холбогдож сонирхсон асуултдаа хариулт авч байлаа. Тухайлбал, иргэдийн зүгээс УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль тусдаа зохион байгуулагдах болж байна уу, аль эсвэл зэрэг явах болж байгаа юу гэдгийг сонирхсон. Үүнд УИХ-ын гишүүн З.Энхболд “Ардчилсан намын бүлгээс өчигдөр МАН-ын бүлэг хийгээд, Ерөнхий сайд С.Батболд нарт мэдэгдэл хүргүүлж, хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулахыг хүссэн байгаа тухай дуулгасан юм.

Түүнчлэн тус намынхан УИХ-ын сонгууль ойртох тусам 1206 дугаарын утсанд ирэх иргэдийн санал, хүсэлт улам ихсэнэ гэж үзэж байна. Дашрамд сануулахад, 1206 утас нь зөвхөн иргэдийн санал,гомдлыг хүлээж аваад зогсохгүй буцаан иргэдийн дугаар руу залгана. Мөн мэйл хаягаар буцаан хариуг нь өгөх гээд өмнөхөөсөө илүү боловсронгуй болсон юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж