Йохим Лёв шигшээ багийн тоглогчдоо нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Йохим Лёв шигшээ багийн тоглогчдоо нэрлэлээ

Бундеслигийн “Баейрн Мюнхен” клубын ахмад, туршлагатай хаалгач Ханс-Йорг Бутт 2003 оноос хойш анх удаагаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа. “Германы машинууд”-ыг дасгалжуулж буй Йохим Лёв дэлхийн аваргад оролцох 27 хүний бүрэлдэхүүнтэй үндсэн багаа эхний байдлаар зарласан бөгөөд үүнд “Баейрн Мюнхен”-ээс хамгийн олон буюу найман тоглогч багтжээ. Шигшээ багийн нэгдүгээр хаалгач Рене Адлер гэмтлийн улмаас дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон учир өдгөө 35 нас зооглоод буй Бутт, “Шальке 04”-ийн Мануэль Нойер, “Вердер Бремен”-ий Тим Визе нар шигшээ багийн нэгдүгээр хаалгачийн төлөө ур чадвараараа өрсөлдөх юм.
Английн “Челси” клубт хүчин зүтгэж буй шигшээ багийн ахлагч Михаэль Баллак ноён Лёвын бүрэлдэхүүнд багтсан цорын ганц Бундеслигийн бус тоглогч нь болжээ.
Лёв дэлхийн аваргад оролцох 23 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багаа эцсийн байдлаар зургадугаар сарын 1-нд зарлах учиртай.
Олны таамаг эвдэж, шигшээ багтаа дуудагдсан Бутт багийнхаа хамт олон улсын чанартай гурван тоглолтод ялалт байгуулж байсан бөгөөд ирэх пүрэв гаригт Мальта улсын багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцох юм. Тэрбээр мөн энэ сарын 15-нд Германы цомын тэмцээний финалд “Вердер Бремен”-тэй хийх тоглолтод “Бавари”-ийн хаалгыг манана.
Буттын багийн хамтрагчид болох Хольгер Бадштубер, Марио Гомес, Миросав Клозе, Филипп Ламм, Томас Мюллер, Бастьян Швайнштайгер, мөн “Бремен”-ий Визе, Пер Мертезакер, Марко Марин, Месут Озил нар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
“Германы машинууд” энэ сарын 29-нд Будапешт хотноо Унгарын багтай, дараа нь зургадугаар сарын 3-нд Франкфурт хотод Босния-Херзеговинагийн багтай нөхөрсөг тоглолт хийсний дараа Өмнөд Африкийг зорих юм.
Германы шигшээ багийн тамирчид:
Хаалгачид: Мануэль Нойер /Шальке 04/, Тим Визе /Вердер Бремен/, Ханс-Йорг Бутт /Баейрн Мюнхен/
Хамгаалагчид: Деннис Аого /Гамбург/, Жером Боатенг /Гамбург/, Арне Фридрих /Херта Берлин/, Филипп Ламм /Баейрн Мюнхен/, Пер Мертезакер /Вердер Бремен/, Марсель Янсен /Гамбург/, Сердар Таски /Штутгарт/, Хольгер Бадштубер /Баейрн Мюнхен/, Хайко Вестерманн /Шальке 04/, Андреас Бек /Хоффенхайм/
Хагас хамгаалагчид: Михаэль Баллак /Челси/, Маркл Марин /Вердер Бремен/, Месут Озил /Вердер Бремен/, Пётр Троховски /Гамбург/, Сами Хедира /Штутгарт/, Треш Кристиан /Штутгарт/, Тони Кроос /Баейрн Леверкусен/, Бастьян Швайнштайгер /Баейрн Мюнхен/
Довтлогчид: Какау /Штутгарт/, Марио Гомес /Баейрн Мюнхен/, Мирослав Клозе /Баейрн Мюнхен/, Томас Мюллер /Баейрн Мюнхен/, Стефан Кёсслинг /Баейрн Леверкусен/, Лукас Подольски /Кёльн/
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж