Түлэнхийн төвийн барилгын ашиглалтын хугацаа дууссан гэдгийг нотолж, 2006, 2009 онд Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулж болохгүйг анхааруулсан дүгнэлт гаргаж байжээ. Гэвч тэдний энэ дүгнэлтийг төрийн дээд мяндагтнууд анхааралдаа авалгүй өдий хүрч, одоо бараг эмч, өвчтнүүд нь нурангид дарагдахад бэлэн боллоо. Байсхийгээд л “Дээвэр нурлаа” гэх үгс түгшүүрийн дохио аятай хангинах аж. Тус эмнэлгийн нэгэн эмч “Шинэ Засгийн газар байгуулах бүрд “Эрүүл мэндийн салбарыг чухам тийм сайхан болгочихно” гэсээр байтал бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгч болж байна. Энэ эмнэлэгт насаараа ажилласан хүн. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас мөдхөн шинэ байр барьж өгнө гэсээр байгаад өчнөөн жил боллоо” хэмээн дурамжхан ярьж суусан юм. Бид өнгөрсөн оны намар Түлэнхийн төвийн шинэ барилга хэзээ барих талаар Эрүүл мэндийн яамны одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрлээс асуухад “Ирэх онд шинэ байр барина” гэж хариулж байв. Гэтэл түүний үг бодит ажил болохоосоо өнгөрсөн бололтой. Учир нь энэ оны төсөвт Түлэнхийн төвнийн шинэ барилгад зориулах хөрөнгө, мөнгийг тусгаагүй юм. Мөн тухайн үед зураг төсөл нь бэлэн болчихсон гэж хүртэл ярьж байв. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр анх гарсан зураг төсөл нь өртөг өндөртэй байсан тул дахин шинээр хйс гэнэ. Тэгээд ч эмнэлгийн барилга бусад орон сууцны барилгаас хийцийн хувьд асар ялгаатай байдаг болохоор нэлээд нарийн тооцож хийдэг байна. Тухайлбал, эмнэлгийн барилгын давхар бүрийн өрөө, зориулалт өөр өөр байдаг бол бусад зориулалтын барилга анх сууринаас нь тооцчихоод дээд давхарууддаа адил хэмжээний хийдэг аж. Түүнчлэн Монголын барилгын салбар хөгжиж буй ч эмнэлгийн барилгын зураг төсөл хийдэг архитектур бараг байдаггүй болохоор энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш их эрэлттэй байгааг түрүүхэн болсон Барилгын яармаг үзэсгэлэнгийн үеэр албаныхан онцолж байлаа.
Урсгал засвар хийгээд ч нэмэргүй, хий дэмий мөнгөний зарлага болдог учир улсын төсвөөс засварын мөнгө гэж бараг төсөвлөдөггүйг эмнэлгийнхэн хэлж байсан. Ийнхүү нөхцөл байдал хүндхэн байгаа учир Түлэнхийн төвийг ирэх сард нүүлгэх шийдвэр гарчээ. Он гарсны дараахан эдний нүүх сураг дуулдаж байсан ч, хаашаа яг хэзээ нүүлгэх нь тодорхойгүй хэвээр байсан юм.
Тус эмнэлгийн дэд захирал Б.Бат-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай эмнэлгийг яг хэзээ нүүлгэх вэ?
-Манай эмнэлгийг ирэх сард нүүлгэх шийдвэр гарсан. Гэхдээ өдрийг нь нарийвчилж заагаагүй байгаа. Шинэ гэмтэл буюу Гэмтэл согог, судлалын үндэсний төв рүү нүүнэ. Нүүлгэлтэд 20 гаруй сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан.
-Шинэ гэмтэл нэлээд ачаалалтай байдаг. Тэнд танай эмнэлэгийнхэн багтах уу?
-Ачаалал ихтэй байлаа гээд яах ч билээ. Тус эмнэлэгт зохион байгуулалт хийж байж манайхыг багтаах байх.
-Тэгвэл ачаалалтай хоёр эмнэлэг нэгдчихээр өвчтөнөө авч дийлэхгүй болох юм биш үү?
-Ачаалал ихэслээ гээд өвчтөнөө авахгүй байж болохгүй. Өвдөж, зовсон байдлыг нь харсаар байж явуулчих юм бол эмнэлэг гэж байгаад юу хийх вэ. Тэднийг хүлээж аваад эмчилж л таарна.
-Танай эмнэлгийг бусад эмнэлэгтэй харьцуулахад ачаалал хэр байдаг вэ?
-Байнга их ачаалалтай байдаг. Энд зөвхөн түлэгдэлтэй хүмүүс ирдэггүй. Хөлдсөн, шарх нь сэдэрсэн, гэмтлийн шархтай гэх мэт янз бүрийн өвчинтэй хүмүүс ирнэ. Түлэгдэлтэй өвчтөнүүдийн дийлэнх нь хүүхдүүд байдаг. Яг одоогийн байдлаар манай эрчимт эмчилгээний тасагт есөн хүн эмчлүүлж байгаагийн найм нь хүүхэд байна. Тэд болгоомжгүй, эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж цай, уур, хоол ундандаа түлэгдчихдэг.
-Одоогийн байдлаар хэчнээн өвчтөн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-131 өвчтөн байгаа.
Тэрбээр ийн хариулсан. Дашрамд дурдахад, арьсны нөхөн сэргээх бүхий л эмчилгээг энэ эмнэлэгт хийдэг. Нийт 14 их эмчтэй. Ихэнх эмч нар нь Франц, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг улсад сургууль төгссөн, манай улсын шилдэг мэргэжилтнүүд байдаг аж.
"Улс төрийн тойм" сонин