Хятадын улс төрийн нөхцөл байдал намжаагүй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хятадын улс төрийн нөхцөл байдал намжаагүй байна

Их Британий нөлөө бүхий бизнесмэн Н.Гейвүүдийг зочид буудалд байхад нь өнгөрсөн арван­нэгдүгээр сард амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэрэгт  БНХАУ-ын нөлөө бүхий улстөрч Бо Шилайгийн гэргий болон туслах Зан Сяожун нарыг сэжигтнээр татсан юм. Хятадын Коммунист намын нөлөө бүхий гишүүн Бо Шилай энэ хэрэгт мөн холбогдсон. Цагдаагийн газар талийгаач Англи бизнесмэн залуутай түншийн харилцаа тааруу байсан учраас иймхүү байцаан шалгах болсон. Өдгөө 62, настай Хятад төдийгүй Азид нэр хүндтэй улстөрч олон улсын анхаарлын төвд байна. Үүнийг намых нь гишүүд арай өөр өнцгөөс харж буйгаа илэрхийлсэн.

Сүүлийн үед Хятадын улстөрчид үзэл бодлын хувьд хоёр хуваагдаад байгаа. Тэдний дунд Засгийн газрын бодлогод санал зөрөлдсөн, хөгжил дэвшил, коммунист, хүчирхийллийн талаар маргаан дэгдсэн удаатай.

Бо Шилай нь Хятадын улстөрд хангалттай удаан хугацааг өнгөрүүлсэн нэгэн. Тэрбээр 2004-2007 оны хооронд БНХАУ-ын Худалдааны сайдын албыг хашиж байсан. Улмаар 2007 онд Коммунист намын тэргүүн болон дэвшсэн. Түүнийг Бо Иобогийн хүү гэдгээр Хятадын болон зарим орны улстөрчид мэднэ. Аав нь Коммунист намыг үүсгэн байгуулсан найман хүний нэг бөгөөд 38 насандаа хорвоогийн мөнх бусийг үзсэн юм.  Харин өдгөө түүний хүү Бо Шилай гэмт хэрэгт холбогдож намын болон гэр бүлийнхээ нэр хүндийг унагаж яваа талаар Хятадын хэвлэлүүд онцолсоор байна. Тэрбээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг баталж байсан нэгэн. Тэр ч утгаараа хуулийн мэдлэг өндөр.

2011 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс хойш Бо Шилайн амьдрал, улс төрийн замнал уруудаж эхэлжээ. Хачирхалтай нь энэ оны хоёрдугаар сарын эхээр түүний туслах Бог АНУ-руу эмчилгээнд явах гэж байгааг мэдэгдснээр хууль хяналтыхан түүнийг улсын хилээр гарахыг хориглосон удаатай. Мөн цагдаагийн албанаас мэдээлж байснаар Богийн эхнэр их хэмжээний мөнгө гадаад руу шилжүүлсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон байна. Гагцхүү эдгээр их хэмжээний мөнгө гадаадын нэг банкаар дамжин хааш алга болсныг шинжээчид олж тогтоохоор яаравчилж байгаа аж. Магадгүй Английн бизнесмэн эрийн үхэлтэй холбоотой ч байж магадгүй гэнэ.

Бо Шилай эхнэрээ хамгаалсаар байгаа ч эхнэрийх нь эсрэг олон нотлох баримт байгаад санаа зовж байгаа талаар түүний өмгөөлөгч онцолсон билээ. Хятадын улс төрийн задрал ард түмэнд нь сөрөгөөр нөлөөлж эхэлсэн. Жишээ нь, өнгөрсөн сараас эхлэн Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан. Энэ талаар Үндэсний эдийн засгийн статистикийн хорооны ахлах Шао Зин “Улс төрийн таагүй нөхцөл байдлаас болж манай улсын эдийн засагт удааширч эхэллээ. Удаашрахдаа эрс мэдэгдэхүйц удааширсан. Улс төрийн намуудын үзэл бодол улсын хөгжил дэвшлийн гацааг үүсгээд буй. Намуудын байр суурь ерөнхийдөө хоёр хуваагдсан байдалтай байгаа нь ард түмнийг төөрөгдүүлэх шалтгаан болж  байна. Улс төрийн намуудын нэг хэсэг нь эдийн засгийн хурдацтай байдлыг голлон хөгжих нь зөв гэж байгаа бол нөгөө хэсэг нь Коммунист намын бодлого чухал. Бид эдийн засгийн, эрх зүйн хэт таатай байдалд амьдрах ямар ч боломжгүй. Ардчилалын талаар ч ярих цаг болоогүй” гэв.

Эдийн засгийн хувьд бүх Хятадын банк санхүүгийн ажлын IV зөвлөгөөн өнгөрсөн нэгдүгээр сард болсоны дараа Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Сяочуань сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “2012 онд дэлхийн эдийн засаг нэлээд тогтворгүйжнэ. Хятад улс нягт ажиглалт хийж, бодлогын нөөцөө эрчимжүүлэн сайтар зохицуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан.  Тухайн үед улс төр судлаачид одоогийн улс төрийн үл ойлголцох нөхцөл байдлын талаар ярьж байсан. Мөн Жөү Сяочуань хэлэхдээ “Олон улсын байдлаас Европын өрийн хямралын өөрчлөлт, Америкийн эдийн засгийн сэргэлт тогтворгүй байж, шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогцын хөгжил удааширч байгаа зэрэг асуудал оршиж байна. Гадаад хүчин зүйлээс олон юм хамаарч байна. Тиймээс Хятадын Парламентын гишүүд дээрх нөхцөл байдалд бэлэн байх ёстой” хэмээн онцолж байсан. Хятад улсын дотоодын эдийн засгийн байдлаас үзэхэд олон улсын нөлөөнөөс экспорт буурч байна.

Төв хорооны хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан эсэргүүцлийн хэргээр баривчлагдсан аж. Жоу Юнкан баривчлагдсан нь энэ сард болсон Хятадын бүх ардын төлөөлөгчдийн их хуралтай холбоотой. Тус хуралд 3300 гаруй төлөөлөгч оролцсон билээ. Харин Жоу Юнкан хурлын үеэр хийсэн мэдэгдлийг нь® “Намын үйл ажиллагааг тасалдуулах хэрэг үйлдсэн” гэж намын гишүүд нь үзсэн аж. Харин Жоу Юнканыг өмөөрөх баримт нь тус намын “People’s Daily Online” хэмээх сайтад Хятадын бүх ардын төлөөлөгчдийн хурлын тухай Жоу Юнканы нэрээр, “Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга” гэх тодотголтойгоор мэдэгдэл гаржээ. Тэгэхээр Жоу Юнкан хурлын талаарх нарийн мэдээллийг олон нийтэд тараагаагүй болж байна. Үүнээс Хятадын удирдлагууд Жоу Юнканыг багахан шалтгаанаар ч буруутган огцруулах эрмэлзэлтэй байгаа нь анзаарагджээ. Тус хурлаар “Хятадын Коммунист намын үзэл сурталд хувь нэмрээ оруулах” тухай намын дарга Ху Жинтаогийн “Шинжлэх ухааны хөгжлийн онол” хэмээн үзэж байгаа хүн цөөнгүй байгаа аж.

Нөгөө талаас Жоу Юнкан “Хятадын Чончин хотын Коммунист намын дарга Бо Шилайг огцруулсан учраас баривчлагдсан” гэж таамаглах хүн олон байгаа юм. Үүнээс болж намын удирдлагууд хагаралдаж, хоорондоо тэмцэлдэх болсон хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь Бо Шилай, Жоу Юнкан хоёр намын хуучин дарга Зянь Земиний фракцийн гол гишүүд. Зянь Земин өнөөгийн удирдлага Ху Жинтао, Вэнь Зябао нарыг үргэлж эсэргүүцсээр ирсэн юм. Харин тэднийг ийнхүү хэрэгт татаж байгаа нь Хятадын Коммунист намын удирдлагууд хоорондоо хагаралдаж эхэлснийг нотолж байна. Ийнхүү тус улсын улс төрийн нөхцөл байдал нэлээд хурцадмал болжээ.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж