Одоогоос хэдхэн хоногийн өмнө юм. “УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгана гэсэн байр сууриа хамгаалсаар байх уу. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу. Ардын нам болон Ардчилсан намынхан эдгээр асуудалд байр сууриа нэгтгэж чадах уу” гэдэг асуудал анхаарлын төвд байлаа. Ардын намынхан зөвшөөрөөд Ардчилсан намынхан гэдийж байв. Тэд л ангийнхныгаа омогдож “Та нар боль. Эс тэгвээс Ардчилсан намын бүлгийнхэн парламентын үйл ажиллагаанд оролцохгүй” хэмээн загнаж байсан юм. Товчхондоо Ардчилсан намын бүлгийнхний амнаас гарсан үг бүр олны анхаарлыг татаж байлаа. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилснаас хойш УИХ-ын гишүүд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй манатай болсон юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өчигдөр ээлжит бус хурал зарлан хуралдуулж “Сонгууль анхаарлын төвөөс холдож байна. Сонгууль болоход багахан хугацаа үлдэж болоход өөр асуудал хэлэлцээд хойш нь тавьж болохгүй” гэж үзжээ. Ингээд Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд, УИХ дахь Ардын намын бүлгийнхэнд энэ талаар албан бичиг хүргүүлж байгаагаа дуулгасан юм. Тус намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудаас шалтгаалаад Монгол төрийн дараагийн дөрвөн жилийн үйл ажиллагааг зохион байгуулах ажил хэсэг хугацаанд орхигдлоо. Олны анхаарлаас холдох вий гэсэн болгоомжлол төрж байна” гээд албан бичгийнхээ агуулгыг танилцуулав. Албан бичигт “Хоёр сонгуулийг хамт явуулах тухай хуулийн зохицуулалт болон шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төсөл өргөн барьсан. Гэсэн ч УИХ дахь намын бүлгүүдийн зөрүүтэй байр сууринаас шалтгаалан уг төслүүдийн хэлэлцүүлгийг хийх боломжгүй байна. Сонгууль товлон зарлахад цөөхөн хоног үлдсэн. Энэ хугацаанд үүсээд байгаа нөхцөл байдалд нэг намын бус нийт ард түмний эрх ашгийн үүднээс дүгнэлт хийн мухардлаас гарах гарц хайх ёстой” гэжээ. Тус намын бүлгийнхэн албан бичгийнхээ хариуг энэ сарын 20-нд өгөхийг шаардаж байгаа аж. Хэрвээ асуудлыг нааштайгаар шийдэж, саналыг нь хүлээж авахгүй бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ дахь Ардын намын бүлэгтэй хариуцлагын асуудал ярих бодол ч тэдэнд бий ажээ.
Ардчилсан намын бүлгийнхэн ийн мэдээлсэний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхэлсэн юм. Энэ үеэр Ардчилсан намынхан бүлгийнхэн “УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгана. Ерөнхий сайд энэ ажлыг зохион байгуулах ёстой” гэсэн байр сууриа дахин илэрхийлсан. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Энэ саналыг хүлээж авах боломжгүй” гэсэн нь гишүүдийн дунд маргаан дэгдээв. Ч.Сайханбилэг “Байнгын хорооны дарга аа, асуудлыг битгий хүчээр шийдэх гээд бай. Ямар бяртай болчихсон юм бэ” гэхэд УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хууль зүй, дотоод хэргийн сайд болох гээд бяр нь амтагдаад байна” гэж маргааныг дэвэргэсэн. Харин байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Битгий солиотой юм яриад бай” гэж уурласан юм. Эцэст нь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бүх асуудал дээр Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна” гэж мэдэгдлээ. Ийнхүү УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах асуудал гацаанд орох нь тодорхой боллоо.

Т.УРАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сонин