Өдийг хүртэл хэчнээн хүний материалыг хүлээн авч арилжааны банкууд руу шилжүүлсэн талаар Орон сууц санхүүжилтийн корпорацийн Зээлийн захирал М.Уламбаяраас тодруулсан юм.
-Өнгөрсөн сарын 12-ноос иргэдийн материалыг хүлээн авсан. Нийтдээ хэчнээн материал хүлээн авч арилжааны банкууд руу шилжүүлээд байна вэ?
-Иргэдийн материалыг авч эхэлснээс хойш сар орчим болж байна. Энэ хугацаанд 600 гаруй материал хүлээн авч арилжааны банкууд руу шилжүүлсэн. Шилжүүлсэн материалын 300 орчим нь Төрийн банкинд, 200 гаруй нь Капитал банкинд шилжин очсон байгаа. Төрийн банкинд шилжүүлсэн 300 орчим материалаас 30-аад нь зээлийн асуудал нь шийдсэн.
-Төрийн банкинд очсон материалын 30-аадыг нь шийдсэн гэлээ. Үлдсэн 200 гаран материалын зээл бүтээгүй хэрэг үү?
-Үгүй ээ. Банк иргэдийн материалуудыг нэг өдөр бүгдийг нь хянаж үзээд шийдэхгүй шүү дээ. Эхнээс нь хянаж, шалгаад явж байгаа.
Тэрбээр ийн ярьсан юм. Ямартай ч Орон сууц санхүүжилтийн корпораци иргэдийн материалыг хүлээн авч дамжуулдаг газар нь хүргэж байгаа. Материалаа бүрдүүлж өгөхөөр ирсэн иргэдийн материал буцаагдаж байгаа хоёрхон шалтгаан байгаа гэнэ. Нэгдүгээрт, байр авах нь анхдагч биш бол, хоёрдугаарт, байраа сонгоогүй тохиолдолд буцаагдаж байгаа аж.
Иргэд байр сонгох тал дээр бухимдангуй байсан. Учир нь барилгын компаниудтай яам гэрээ хийгээгүй гэсэн шалтгаанаар иргэдийг нааш цааш явуулан чирэгдэл учруулсан гэх. Энэ асуудлыг холбогдох хүнээс асуухад “Гэрээний загвар гаргаагүй, мөн судалж байгаа” гэсэн хариултыг 10-аад хоногийн өмнө хэлж байсан юм. Харин энэ удаад барилгын компаниудтай гэрээ хийсэн эсэх талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Амаржаргалаас тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Гэрээ хийх журам, загвар зэрэг бэлэн болсон. Барилгын компаниудтай хэрхэн гэрээ хийх талаар судалж байна. Яг хэзээ гэрээ хийхийг одоохондоо хэлэх боломжгүй. Манайх дотроо бүтцийн өөрчлөлт хийсэн учир энэхүү асуудлыг шийдэх хүн хараахан ирээгүй байна” гэсэн юм. Барилгын компаниудтай гэрээ хийхгүй байгаа нь зургаан хувийн хүүтэй зээлийн үйл явцад саад болж байгаа маш том шалтгаан болж байгаа юм.
Мөн энэ асуудлаар тус газарт хандаж байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны иргэн Г.Гантулга хэлэхдээ “Эхнээсээ авахуулаад бэрхшээлтэй зүйл маш их байна. Эд хөрөнгийн лавлагаа авах гэтэл дугаарлалт, дээрээс нь УБЕГ бүтцийн өөрчлөлт хийсэн гээд өчнөөн явуулж байна. Яаж ийж байгаад материалаа бүрдүүлээд банк дээр очоод зээлээ авах болохоор санхүүжилт хийгүй байна. Яамнаас санхүүжилт орохоор зээл олгоно гэж байгаа юм. Иргэд зээлээ авлаа гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан. Санхүүжилт нь байхгүй юм чинь яаж зээл нь бүтэх юм. Зүгээр нэг батламж өгсөн юм байна лээ. Мөн Барилга, геодез зураг зүйн газар нь барилгын компаниудтай гэрээ хийгээгүй. Яагаад хийхгүй байгаа юм бэ гэхээр “Шаардлагад нийцсэн кампанитай гэрээ хийж батламж өгнө” гэж байгаа юм. Ер нь нэг юм болоод нөгөө газарт очихоор хана мөргөж байна.
Ямартай ч зургаан хувийн зээлд хамрагдан орон сууцтай болох 30 гаран өрх байгаа. Гэвч Засгийн газар болон Сангийн яамнаас санхүүжилт хийгдээгүй учир зээл хараахан олгогдоогүй байна. Гэхдээ зээл нь бүтсэн 30 гаруй айл зөвхөн Төрийн банкаар дамжуулсан. Ийнхүү Төрийн банк зээл олгох батламж гардуулаад байхад Капитал банк чимээгүй байгаа нь сонирхолтой санагдах юм.
"Улс төрийн тойм" сонин