Ж.Батсуурь: Ц.Нямдорж сайн дураараа огцрох ёстой

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь: Ц.Нямдорж сайн дураараа огцрох ёстой

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын дар­га Н.Энх­баярыг баривч­лах явцад хүч­ний байгуулла­гынх­ны гар­гасан үйлдлийг та хэрхэн дүг­нэж байна вэ?

-Тухайн хүнийг ямар нэгэн хэрэгт сэжиглэж шалгах, алба­дан саатуулах шаардлага гар­сан байх гэж бодож байгаа. Гэх­дээ энэхүү шаардлагыг бие­лүүлэхдээ хэрхэн ажиллах ёстой бай­сан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хэдийгээр би мэр­гэжлийн хүн биш ч гэсэн тухайн үед болсон үйл явцыг ажигласан хүний хувьд хууль, хүчнийхнийг ажлаа тийм байдалтай хийдэг бол дэндүү болхи, бүдүүлэг ажилладаг юм байна гэсэн бодолтой үлдсэн. Н.Энхбаяр бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Мон­гол төрийн хариуцлагатай бүх л албан тушаалыг хашиж байсан хүн. Маш их зүйл хийж бүтээсэн арвин их намтартай ийм хүнийг тиймэрхүү байд­лаар хүч түрэмгийлэн авч явсанд үнэхээр их гайхаж бай­гаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын олон улстай харилцах харилцаа идэвхжиж байгаа энэ үед  төрийг он удаан жил тэргүүлж байсан хүн рүү ингэж дайрч байна гэдэг ойлголт төрүүлснээс болоод гадны  улсууд Монголын улс тө­рийг тогтворгүй гэдэг дүгнэлт хийхэд хүрэх вий гэж эмээж байна. Ер нь аливаа улсын улс төрийн нөхцөл байд­лаас шалтгаалаад гадны улсууд хамтарч ажиллах эсэхээ шийддэг болсон үе шүү дээ. Тэгэхээр бидэнтэй хам­тарч ажиллана гээд байгаа то­моохон хөрөнгө оруулагч улсууд энэ байдлаас болоод үргэчих вий дээ.

-Тухайн үед УИХ-ын дөр­вөн гишүүн Н.Энхбаярын гэрт байсан бөгөөд хуу­лийн байгууллагынхны “халд­лага”-д өртөж бэртсэн. Ги­шүүд энэ үйл явдлыг “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл” гэж үзэж УИХ-ын даргад хандсан. УИХ-ын гишүүний хувьд та энэ үйл явцыг юу гэж харж байгаа вэ?

-Миний ойлгож байгаагаар тэнд байсан УИХ-ын гишүүд хүчний байгууллагынхны үйл ажиллагаанд саад болсон зүйл огт байхгүй юм байна билээ. Бодоод үз л дээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан хэн нэгнийг очоод нудраад авна гэж хэнд ч төсөөлөгдөхгүй байгаа биз дээ. Дээрх гишүүд тухайн үед болсон явдлын талаар “Хүчний байгууллагынхан хаалга эвдлээд ороод ирсэн. Бид ширээнд суухыг урьсан” гэсэн тайлбар хэлсэн шүү дээ. Тийм байхад зүгээр зогсож байсан тэдэнд гар хүрэх шаардлага байгаагүй л гэж харж байгаа. Энэ бол нэг зүйлийг хэрэгжүүлэх гээд нөгөөг нь сүйтгэдэг монгол зан чанарын л нэг илрэл байсан юм болов уу. Ер нь хүчний байгууллагынхан хүнийг саатуулахдаа машины шил хагална, хэн нэгнийг галт зэвсгээр сүрдүүлнэ гэсэн хуулийн заалт байдаггүй л байлтай. Үүнийг би УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна л гэж ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын гишүүд Н.Энхбаяр гэдэг хүнд халдашгүй байдлаа ашиглуулчихсан юм биш үү” гэсэн утга бүхий зүйл ярьж байсан. Ийм зүйл байж болох уу?

-УИХ-ын гишүүн хэзээ, хаана байх нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал. Н.Энхбаяр гэдэг хүнтэй олон жил хамтарч ажилласан хүмүүс тухайн үед түүнийг яагаад баривчлах гээд байгаа юм гэдгийг тодруулах гээд очсон байж болно шүү дээ. Н.Энхбаярыг баривчлах гэж очиход нэр дурьдагдсан нөхөд хамт байсныг би буруу гэж огт харахгүй байгаа.

-Хамуг Монголын хөдөлмөрийн намын гишүүн Ц.Шинэбаяр, танай намын найман гишүүн нийлж “Энэ бүх хэргийн гол буруутан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж” хэмээн түүнийг огц­руулахыг шаардаж байгаа. Та тэдэнтэй санал нэг байгаа юу?

-Ер нь манай улсад ямар ч үйл явдал болсон байлаа “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь олдохгүй өнгөрдөг жишиг тогтчихсон болол­той. Үүнээс болж Монгол төрийн нэр хүнд шалдаа бууж байна. Тө­рийн албан тушаалтнуудын нэр хүнд ч сэвтэж байна. Тухайлбал, до­лоодугаар сарын 1-ний хэрэгт чулуу шидсэн хэдэн залуу буруутан болсноос өөр зүйл байхгүй. Ямар ч асуудал гарсан бай хамаагүй холбогдох албаных нь хүмүүс “Би буруугүй” гээд л  зүтгээд байдаг болчихож. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг ардын зүйр цэцэн үг манайд байдаг. Манайхан энэ зүйр үгний мөн чанарыг гаргаж чадахгүй байхад гадны улсууд тод томруунаар харуулж байна. Тэдний жишгийг харж байхад ямар нэгэн хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтнууд нь хариуцлагаа шууд ухамсарлаж, мэдэгдэл хийгээд л албан тушаалаасаа огцорч байна.

-Тэгэхээр яг энэ жишгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайн дураараа албан тушаалаасаа огцрох ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Би бол тэгж л ойлгож байгаа. Тийм л гарц байна. Тухайлбал, Н.Энхбаярыг баривчилж байхад Ц.Нямдорж сайд унтаж байсан гээд байгаа биз дээ. Үүнээсээ болоод бүр сүүлдээ “Унтаа сайд” гэдэг нэртэй болчихлоо шүү дээ.  Ийм байдлаар Монголын төр дэлхий нийтэд шившиг болж болохгүй л гэж би ойлгож байгаа.

-Энэ асуудалтай холбоотойгоор танай намын бүлэг өнгөрсөн даваа гарагийн 23 цаг хүртэл хуралдсан гэж сонссон. Бүлгийн хуралдааны үеэр Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг дуудаж тайлбар авсан гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би бүлгийн хурлаас 21 цаг өнгөрөөгөөд гарч явсан. Намайг байхад Авлигатай тэмцэх газрынхан ирээгүй учир би энэ талаар сайн мэдэхгүй байна.

-Ардчилсан намын бүлгийнхэн “Н.Энхбаярыг баривчилсан нь УИХ-ын Сонгуулийн тухай хууль болон Орон нутгийн хурлын сон­гуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс олны анхаарлыг холдуулах гэсэн нэг арга байж болзошгүй” гээд УИХ-ын дарга, Ерөнхий сай­дад “Сонгуулийн асуудлыг хурдан цэгцлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг өргөн барьсан. Үүнийг хэр­хэн дүгнэв?

-Ардчилсан намынхан юу гэж үзэж байгаа нь өөрсдийнх нь л асуудал. Гэхдээ олны анхаарлаас сонгуулийн асуудлыг холдуулах ын тулд Н.Энхбаярыг баривчлах гэж жүжиг тоглон, шөнөжин хөөцөлдөж, тэр тусмаа өөр айлын хаалга эвдэж орж байна гэж бодож байгаа бол эмгэнэлтэй л юм даа.

-Орон нутгийн хурлын сон­гуу­лийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр ху­ралд­сан. Гэвч ажлын хэсэгт орсон Ардчилсан намын гишүүд хуралдааны үеэр харагдаагүй. Ажлын хэсгийн хуралдаанаар юу хэлэлцсэн бэ?

-Орон нутгийн хурлын сон­гуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Ямар ч нөхцөлд энэ хуулийг өөрчлөхгүйгээр хоёр сонгуулийг хамт ч бай, тусдаа ч бай явуулах боломжгүй. Тиймээс энэхүү хуулийн төслүүдийг хэлэл­цэж эрх зүйн орчинг нь бүрдүү­лэх ёстой учир ажлын хэсэг өчиг­дөр хуралдлаа. Энэ асуудлыг хэ­лэл­­цэхийг маш олон хоног хүлээс­­­ний эцэст ажлын хэсгийнхэн өчиг­­дөр хуралдсан. Ажлын хэсэгт Ардын намынхан олонхи байсан учир Ардчилсан намын гишүүд ирээ­гүй ч гэсэн асуудлыг хэлэлцэж байн­гын хороогоор оруулахад бэлэн бол­голоо. Ардчилсан намынханд хан­даж өөрсдийнх нь санал нийцээгүй хуулийн гаргалгаа гарахад л үйл ажил­лагаагаа зогсоодог, бусад асуудалд оролцохгүй гэж дайрч давшилдаг асуудал байж болохгүй гэж хэлмээр байна.

-Өнгөрсөн долоо хоногийн чуул­ганы пүрэв гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “гулсах” заалт Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр Ардчилсан намын гишүүд “Ардын намынхан Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгч ийм шийдвэр гаргуулсан” гэж байсан. Та үүнтэй санал нэгдэх үү?

-УИХ-ын 2008 оны сонгуульд ялалт байгуулсан хоёр намынхан тохиролцсоны үндсэн дээр 2012 оны сонгуулийг холимог тог­тол­цоогоор явуулахаар тогтсон. Энэ ч үүднээс УИХ-ын сонгуулийн ту­хай хуулийг шинэчлэх гэж удаан ярилцсаны эцэст дээрх хувилбарыг сон­госон байсан. Харин энэ асуудлаар иргэд хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм билээ. Үндсэн хуулийн Цэцийнхэн асуудлыг дунд суудлынхаа хуралдаанаар авч хэлэлцээд  “УИХ-ын сонгуулийн ту­хай хуулийн “гулсах” заалтҮндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гарга­сан. Мэдээж УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй зарим ги­шүүн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг эсэр­гүүцэж байна. Манай намынхан энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд үр дагавар нь ижилхэн юм бол хугацаа алдаж байхаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын ху­ралдааны дүгнэлтийг хүлээж авбал яасан юм бэ гэсэн байр суурийг ба­римталж байгаа.

-Хэрэв “УИХ Үндсэн хуу­лийн Цэцийн дунд суудлын ху­ралдааны дүгнэлтийг хүлээгээд авчихвал хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Хариуцлагыг нь Ардын намынхан хүлээнэ” гэж Ардчилсан намынхан ярьж байсан. Мөн цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн. Тэгэхээр чуулганаар хэлэл­цэх асуудлууд гацаанд орох нь гэж үзэж болох нь ээ?

-Үндсэн хуулийн Цэц журмынхаа дагуу гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авна, авахгүй гэдгээр дараа­гийн асуудлын хариуцлагыг хүлээнэ ч гэж юу байх вэ. Ардчилсан намынхан бүх л асуудалд улстөржсөн байдлаар хандаж байна. Өөрсдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй ард түмний эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй л гэж хэлье.

-Харин та Үндсэн хуулийн Цэ­цийн шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Миний хувьд УИХ-ын сонгуу­лийн тухай хуулийн “гулсах” заалт Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй юм болов уу гэж харж бай­сан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийд­вэр гаргачихлаа. Үүний үр дүнд намын нэр дугуйлах хувилбар сон­гогдох юм бол энэ нь харин Үндсэн хууль зөрчсөн тохиолдол болох юм болов уу гэж бодож байна.

-“Намын нэр дугуйлах хувилбар Үндсэн хууль зөрчинө” гэж зарим гишүүн үзэж байгаа. Та ч гэсэн ийм бодолтой байгаа юм байна. Тэгвэл энэ асуудал Үндсэн хуулийн Цэц дээр дахиад маргаан үүсгэвэл яах вэ?

-Маргаан үүсгэвэл Үндсэн хуу­лийн Цэц л шийдвэр гаргах байх даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж