Монгол, Литва улсууд нь дипломат харилцаа тогтоогоод 20 жил болж буй. Өмнөх нийгмийн тогтолцооны үед хоёр орны харилцаа идэвхитэй хөгжиж байсан боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа тийм ч сайн биш, хоёр орны худалдааны эргэлт 16-17 сая ам.доллар орчим л байгаа аж. “2008, 2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямралд өртсөн Литва улс эдүгээ өрнөдийнхөн төдийгүй хуучин хамтын ажиллагаатай байсан орнуудтай харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа. Тиймээс айлчлалын бүрэлдэхүүндээ Бизнес хөгжлийн танхимийн дарга тэргүүтэй томоохон бизнесийн төлөөлөлтэй ирсэн” гэдгээ Литва Улсын Эдийн Засгийн дэд сайд онцолсон.
Улаанбаатарын Захирагч ч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй танилцаад удахгүй зарлах гэж буй Улаанбаатарт Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах олон улсын нээлттэй тендерт оролцохооос авахуулаад хоёр талдаа маш том зах зээлтэй манай улстай Литвагийн хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах өргөн боломж байгааг дуулгасан юм.