эх хэлдээ хайртай байх учиртай. Хэл, хил хоёрыг салгаж ойлгож болдоггүй"
гэж ярих Монгол Улсын Төрийн шагналт, СГЗ, зохиолч Дөнгөтийн Цоодол
гуайн халаглаж байсныг гэнэт саналаа.
Саяхны нэгэн өдөр "Оюуны хишиг өдрийн уулзалтад ирнэ үү" гэсэн үг бүхий
урилга хүлээн авлаа. Нэрнээсээ эхлээд содон байсан тул бямба гаригийг
гэртээ өнгөрүүлж зүрхэлсэнгүй хишиг өдрийн уулзалтад яваад очлоо. Нүд
нээгдэж, чих онгойх шиг болов.
"Монголын психтроникийн хүрээлэн", "UB лавлах 1617"-оос санаачлан бямба
гариг бүрийг хүн өөртөө зориулах өдөр, оюун бодлоо цэгцлэх, сайхан ном
унших, оюунт монгол хүнийг төлөвшүүлэхэд зориулан энэ мэт арга хэмжээ,
уулзалт ярилцлага, уншлагыг зохион байгуулсаар ийнхүү жилийн ойтойгоо
золгож буй ажээ.
Монголын бичиг, хэл соёлын томоохон зүтгэлтнүүд цугларалтад иржээ.
Уулзалтын үеэр монголчуудын энэ цагийн тулгамдсан асуудлын нэг хүүхэд
залуусын ярианы болон бичгийн хэлний доголдлыг хатуухан шүүмжлэв.
Монголчууд буруу ярьж, зөв ойлгодог гэх үгээр өөрсдийгөө өмөөрч явсаар
эцэст нь хэл ч үгүй, хил ч үгүй болох нь байна шүү гэх шүүмжлэл танхимын
голоос чих дэлсээдхэв. Үгүйсгэх аргагүй үнэн гэвэл энэ.
Ямар сайндаа л тус төвийн тэргүүн, академич Д.Төмөртогоо багш хэлж байх
вэ дээ. "Манай нэг ач "хятад" хүн болсон. Дүү нь мэдэхгүй хичээлээ
асуухаар хэлж өгдөггүй "хятад" хүн болсныг харлаа. Нэг ач минь "англи"
хүн болжээ. Эжий нь асуулт асууж шаардлага тавихаар "уучлаарай энэ бол
миний эрх" гэх утгатай үгээр хариулт өгч байна. Харин нөгөө нь аль, аль ч
үгүй саармаг хэлтэн болсныг харж сууна" гэв. Хэний ч хүү ялгаагүй
иймэрхүү харь хэл, соёл, харь ухаан бодлоор хүмүүжиж байгааг би дотроо
хүлээн зөвшөөрөв.
Их хүмүүн Б.Ренчин "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин
зоригт дээдсийн минь өв их эрдэнэ" гэх үгийг зүгээр нэг санамсаргүй
хэлээгүй юм байна гэдгийг ч бодож суув. Монгол хэл атар тал шиг байх тэр
цагт ч эх хэлдээ тэрээр санаа зовнидог байжээ. Тийм учраас үр хүүхэд
уншигчиддаа хэлье, захья гэж буурал багш боддог байсныг мэдэж болох.
Төрийн шагналт, СГЗ, яруу найрагч Д.Цоодол гуай ч энэ үеэр хэлний
боловсролын талаар чангахан дуугарсан. Тэрбээр, "Биднийг багад цаг өөр
байж. Хэл, хэлээрээ байж шүү. Монгол хэл бүтэн, бүрэн байлаа. Эх хэл
минь өнөөдрийнх шиг гадаад олон үгээр бөөстөөгүй байжээ. Монголоороо
ярихад хүн санаа бодлоо бүрэн гаргаад хэлчихдэг. Естой хэлтэй, хилтэй юм
шиг байжээ. Энэ хэл соёлоо хамгаалъя. Эх хэл соёлынхоо хилийг манахаар
"Оюунт Монгол"-ын залуус "Оюуны хишиг өдөр"-өөр чуулдаг болсон нь сайн
үйл. Сайхан хэрэг шүү. Энэ цугларалтад оюун бодлыг дээдэлдэг хүн бүхэн
нэгдээсэй. Номын их салхин хэдийнэ залуусын дунд салхилаад эхэлжээ"
гэсэн.
Тэрбээр мөн "Өвгөн бичээч миний бийр, цааснаас больчихдоггүй, чадан ядан
эрээчдэг энэ зүрх сэтгэл, урлан бүтээл ч мөн та бүхний ажлыг дэмжиж
байгаа хэрэг шүү. Хэл сайн байна гэдэг бол оюун ухаан сайн байгаагийн
тэмдэг, дохио юм. Монгол хэл өнөөдөр гэмтээд, хагсраад амьтан юм бол
шарх сорви болчихлоо. Амь, амьсгалгүй болж байна. Хүний сэтгэж бодох нь
нэгэнт гундуухан, хэл нь хагас дутуу болохоор үйл ажиллагаа, улс орны
хөгжил хагас дутуу болдог нь өнөөдрийн амьдралаас харагдаж байна. Бид
ардчиллын зам руу орлоо. Өөрчлөлт хийлээ гэдэг. Хорь гаруй жил Монгол
Улс энэ замаар явлаа гэдэг. Эргээд харсан чинь бид хорин жилийн өмнө
хөдөлсөн тэр байрандаа зогсч байна. Галт тэрэг хэдийнэ биднийг орхиод
замдаа гарчээ. Энэ хооронд бид урагшаа явж гавиагүй байна. Энэ бол
эмгэнэл.
Монгол хүний идэвхтэй, дундаж нас хэд билээ. Жар гаруйхан. Ардчиллын үр
дүн бага байна. Хүнээр бол нийт насныхаа гуравны нэгийг элээчихжээ бид
энэ замаар замнаад. Суусан газраасаа бид бүхнийг атгаж болох ч эх хэлээ
орхиж болохгүй. Үндэстний мөхөх доройтох, мандан бадрах нь хэлний язгуур
шинж. Монголоороо зөв сайхан яръя. Ингэхийн тулд сургууль, цэцэрлэгийн
хөтөлбөрөөс ажлаа эхлүүлэх нь зүйтэй. "Оюунт монгол" хүний ирээдүй
хойчийнхоо төлөө хийх ажил маш их байна. Номоор дамжуулж хүүхдийн
боловсролыг дээшлүүлэх энэ бодлого нэг жилийн хугацаанд маш сайн үр дүн
үзүүлж байгаа нь сайн зүйл. Сайхан байна. Сайхан юм гэдэг бол
үргэлжлэлтэй байх хэрэгтэй.
Боловсролын төв байгууллага энэ аяныг илүү дэмжмээр байна. Уут үүрч,
шил, лааз түүсэн энэ олон гудамжны хүмүүсийн тоог ахиулахгүйн тулд
ТББ-ууд хамтран ажиллах хэрэгтэй. "Эвт шаазгай буга барина" гэдэг дээ.
Хамтдаа шинэ цагийн шинэ монгол хүнийг бэлтгэе. Оюун гэдэг бол зөвхөн
хэл биш, харилцаа. "Оюунт Монгол" хүний оюуны хөгжилд эргэлт гарна гэж
найдаж байна" гэсэн юм. "Оюуны хишиг өдөр"-ийн цугларалтыг хүлээх учир
энэ буюу.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин