Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоно

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас эхэлж Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар ярилцаж Оюутолгой ордын нөөцийн асуудлыг тодруулж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт, Үндэсний аудитын газрын аудитын тайланг сонсоно.

Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хэлэлцэх ажээ.

Гэхдээ өчигдөр үдээс хойш хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн хуулиар АН-ын гишүүд завсарлага авч гарсан хойгуур МАН-ын бүлэг дангаараа шийдвэр гаргасан тул тус байнгын хороо дахин хуралдаж болзошгүй байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж