www.Olloo.mn сайтад 2012 оны 04-р сарын 06-ны өдөр “Зоригт гишүүнээ, Өвөрхангайд 40 үйлдвэр хэзээ баригдах вэ?” нэртэй гарсан нийтлэлд УИХ-ын гишүүн Д.Зоригтын ажлын албанаас дор дурдсан тайлбарыг гаргаж байна.
1. Өвөрхангайд байгуулах 40 жижиг, дунд үйлдвэрийн тухайд:
УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү, З.Энхболд нарын санаачлагаар 2009-2011 онд Өвөрхангай аймагт нийт 659 төслийг 5,5 тэрбум төгрөгөөр 3-5 жилийн хугацаатай, жилийн 7-12 хувийн хүүтэй санхүүжүүлж 1781 ажлын байр шинээр бий болгожээ. Эдгээр төслөөс 44 нь жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамаарч байгаа бөгөөд жагжаалтыг http://facebook.com/zorigtoo хуудсаар орж үзнэ үү.
2. Өвөрхангай аймагт хийсэн хөрөнгө оруулалтын тухайд:
Д.Зоригт гишүүн бусад гишүүдтэйгээ хамтран 2009-2012 онд Өвөрхангай аймагт нийт 107,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 138 барилга, инженерийн байгууламж, зам, эрчим хүчний шугам сүлжээ зэргийг байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлэсэн.
Энэ нь өмнөх дөрвөн жилээс 10 дахин их хөрөнгийг тус аймгийн бүтээн байгуулалтад татсан гэсэн үг юм.
Энэ хөрөнгөөр 7 чиглэлийн авто зам, 2 хотын инженерийн шугам сүлжээ, 5 баг, сумын эрчим хүчний шугам, 12 сургууль, 10 цэцэрлэг, 8 сумын соёлын төв, 8 сумын эмнэлэг, 4 дотуур байр, 4 спортын ордон, заал, 5 сумын усалгааны систем, 23 багийн төв зэрэг олон арван барилга объект баригджээ.
3. Д.Зоригт гишүүний санаачилсан Монгол улсын хууль, УИХ-ын тогтоолын тухайд:
Д.Зоригт гишүүн дараах хуулийн төслийг санаачлагчдын нэг болно.
– Хүний хөгжил сангийн тухай хууль
– Компаний тухай хууль
– Зээлийн мэдээллийн тухай хууль
– Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль
– Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨТ ба гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль
– Ноос ноолуурын үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай УИХ-ын тогтоол
Үүнээс гадна Оюутолгой, Тавантолгой, Шинэ бүтээн байгуулалт, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, жил жилийн улсын төсөв, мөнгөний бодлого хэлэлцүүлэх үүрэг бүхий нийт 47 ажлын хэсэгт ажиллаж УИХ-ын шийдвэр гаргахад оролцжээ.
4. 100 үйлдвэр санаачилгын тухайд:
Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд баталж гаргасан бодлого, санхүүжилтын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө хүчээр барилга, барилгын материалын 52 үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний 65 үйлдвэр, хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн 299 үйлдвэр, нийт 416 үйлдвэр шинээр байгуулагдсан байна. /Жагсаалтыг http://facebook.com/zorigtoo хуудсаар орж үзнэ үү./
Улсын хэмжээнд 2009-2011 онд нийт 390,7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 5066 төсөл, арга хэмжээнд олгож 22046 ажлын байр шинээр бий болж, 22630 ажлын байр хадгалагджээ. Эдгээр төслийн дийлэнх олонхи нь Д.Зоригт гишүүний ойрын 10 жилд хэрэгжүүлэх “100 үйлдвэр” санаачилгад тусгагдсан үйлдвэр, аж ахуйн газрууд байгаа болно.
2012.04.17
Улаанбаатар хот