Харин Монголд нанотехнологиор мөнгө босгох цаг үе ирсэн үү? гэсэн асуултанд мэргэжилтнүүд “тийм” гэж хариулж байна. Гадны орнуудад судлаад, түүнийгээ амьдрал дээр нэвтрүүлэх тал дээр судалгаа хийгээд эхэлчихэж, бараг 10 гаруй жилийн өмнөөс. Бүр Герман улсын зах зээлд зарим нано бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, патент хүртэл аваад амжжээ. “Нанотехнологиор нэхмэл утас үйлдвэрлэх туршилтыг бид 10 гаруй жилийн өмнөөс Герман улсад хийж эхэлсэн. Тэндээ оюуны өмчийн гэрчилгээ авч, зах зээлд хүртэл гаргасан. Германы эрдэмтэд энэ бүтээгдэхүүнд үнэхээр ам сайтай байгаа. Даанч үүнийг эх нутагтаа нэвтрүүлье гэхээр хөрөнгө мөнгө дутагддаг” гэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, доктор С.Мядагмаа ярьлаа. Өчигдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дээр хуралдсан “Нанотехнологийг нэвтрүүлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлагын үеэр нанотехнологийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцаж, тодорхой үр дүнд хүрэхийг зорьсон нь энэ.
Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс Герман улсад мэргэжил дээшлүүлж байсан монгол эрдэмтэн тус улсын эрдэмтэдтэй хамтран нанотехнологиор нэхмэл утас гарган авчээ. Энэхүү утсанд 10 нанометр аксидын хүчил орсон байна. Үүнийг боловсруулж даавуу гаргахад бусад даавуунаас ялгарах онцлогтой гэдэг нь шууд л ажиглагдсан аж. “Энэ даавуу өөрийгөө цэвэрлэх чадвартай байсан. Тухайлбал, барилгын будгыг шүршээд дараа нь усаар цэвэрлэхэд ямар ч толбогүй арилж байсан юм. Үүгээрээ бид 2005 онд патент авсан. Энгийн утсыг 10 нм-ын аксидын найрлагатай болгоход ус татдаг болж хувирсан юм. Германд яг энэ материалыг зарим нэг компаниуд ашиглаж байгаа” гэж доктор С.Мядагмаа ярьж байв. Судалгааны үйл явцтай ШУТИС-ын удирдлагууд газар дээр нь очиж танилцаж байсан бөгөөд Германы судалгааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгууж байсан түүхтэй аж.
Монголын нөхцөлд тааруулахын тулд энэхүү материалаар гэрийн бүрээс хийсэн байна. Амьдрал дээр хэр зэрэг үр дүн гаргахыг судлахын тулд Төв аймгийн Алтанбулаг сумын малчин өрх, Гандан болон Хайлаастад амьдардаг гэр хорооллын хоёр айлыг сонгон авч нэг жилийн турш судалгаа хийхээр өнгөрсөн 12 дугаар сараас судалгаагаа эхэлжээ. “Судалгааны явцад томоохон үр дүнд хүрээд байна. Өнгөрсөн гуравдугаар сард очоод тухайн айлуудаа шалгахад хайлсан цас гэр рүү нэвтэрч ороогүй байсан. Ойр хавийнх нь айлууд энэ бүрээс хаана байна гээд сурагласан гэсэн сураг гарсан. Тиймээс үйлдвэрт нэвтрүүлэхэд боломжтой юм байна гэдэг нь харагдаж байна” гэж доктор С.Мядагмаа ярьж байсан юм.
Одоогоор тохирсон тоног төхөөрөмж байхгүй болохоор Германы эрдэмтэй хамтран тусгайлсан өгөгдөлтэй машиныг зохион бүтээхээр болжээ. Одоогийн байдлаар Герман улсад уг тоног төхөөрөмжийг угсрах, программчлах ажил өрнөж байгаа аж. Үйлдвэрлэлийн эхний шатны судалгаагаар энэ машин нь цагт 150-200 ширхэг даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн дүгнэлт гарчээ. Хэрвээ үйлдвэр албан ёсоор ашиглалтанд орсон тохиолдолд эхний гурван жилдээ 800-900 сая төгрөгийн орлого олох бөгөөд 2016 оноос нэг тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллах судалгаа гарсан гэдгийг эрдэмтэд ярьж байсан юм.
Энэ судалгааны багийнхан дахин шинэ нано бүтээгдэхүүний нээлт хийж, туршилт нь ч амжилттай болжээ. “Бид барилгын дулаалгыг нанотехнологид шилжүүлсэн. Даавуун дээр хийсэн технологийн дагуу ноос, ноолууран эдлэлийн хаягдал дээр хэрэглэж энэхүү бүтээгдэхүүнийг гаргаж авсан. Жирийн барилгын дулаалгаас галд тэсвэртэй, дулаан алдахгүй байхаар бодож хийсэн нь хэд, хэдэн туршилтаар тогтоогдсон” гэж доктор С.Мядагмаа ярьсан юм.
Монгол эрдэмтэдийн гараар бүтсэн дараагийн нано бүтээгдэхүүн бол “Нанопротект” бренд юм. Энэ бүтээгдэхүүн нь 8-10 нм титаны оксидоор барилгын дээвэр болоод барилгын материалуудыг бүрэх технологи ажээ. “Үүгээр тухайн материалыг бүрсэнээр хэд, хэдэн давуу тал ажиглагдаж байгаа. Тухайн бүтээгдэхүүн өөрийгөө цэвэрлэх бөгөөд вирус үүсгэх, вирусээс сэргийлэх, агаар цэвэршүүлэх нөлөөлөл үзүүлж байгаа юм. Үүнийг бид Японы эрдэмтэдтэй хамтран гаргаж авсан. Үйлдвэрт ашиглахад бүрэн боломжтой” гэж “Нанопротект” ХК-ын ажилтан н.Болормаа ярьсан юм. Тэд энэхүү бүтээгдэхүүнийг ариун цэврийн өрөөнд туршиж үзсэн бөгөөд халдвар үүсгэгч нянгууд 90 хувь буурч, өрөөг цэвэршүүлэх үйлчлэл үзүүлж байсан нь тогтоогдсон аж. Энэхүү бүтээгдэхүүнийг Япон улсад хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн талархалд нийцээд байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм. “Нэг жишээ сонирхуулъя. Хэрвээ нанопротектоор нэг орон сууцыг бүрвэл 1000 ширхэг мод тарьсантай тэнцэхүйц хэмжээний үйлчилгээ үзүүлдэг. Энэ бол 6 жилийн судалгааны үр дүн. Утаатай тэмцэх ажилд энэ бүтээгдэхүүн нөлөө үзүүлэх нь олон шатны судалгаагаар тогтоогдсон” гэж “Нанопротект” ХК-ын ажилтан н.Болормаа ярьлаа.
Одоогоос 50 гаруй жилийн тэртээ АНУ-д анх судлагдаж эхэлсэн нанотехнологийн арга одоо л Монголд нэвтэрч, үйлдвэрлэлд ашиглах талаар зөвлөлдөж байна. Үүнийг хэлэлцэх болсон шалтгаан нь удахгүй Инновацийн тухай хууль батлагдах гэж байгаатай холбоотой. Тиймээс нанотехнологийн салбарт томоохон бодлого хэрэгтэй болсон учир өчигдөр ийнхүү зөвлөлдсөн аж. Гадаадад ашиглагдаж байгаа нано бүтээгдэхүүнийг амьдралд хэрэгжүүлэх тал дээр төр, засгийн зүгээс анхаарч, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг эрдэмтэд ярьж байсан юм. Хамгийн гол нь үүнийг амьдралд хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал. Албаны зарим хүмүүсийн хэлж байгаагаар 2016 оноос амьдрал дээр хэрэгжиж эхэлнэ.
Бидэнд ямар ч байсан боломж нь бий. Гэхдээ томоохон бодлого, хөрөнгө оруулалт алга.