Махны үнэ бодлогын хүүд нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Төв банкны захирлууд хуралдаж бодлогын хүүгээ дахин нэмэхээр шийдвэрлэлээ. Он гарсаар бодлогын хүү сарын дотор ийнхүү хоёр удаа нэмэгдэж, 13,25 хувьд хүрээд байна.  Бодлогын хүүг 0,5 пунктээр нэмэх болсон шалтгаанаа Монголбанкны удирдлагууд махны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж буй. Үнэндээ ч он гарсаар махны үнэ 1500-2000 төгрөгөөр нэмэгдчихээд байгаа юм.

Ердөө арав хүрэхгүй хоногийн өмнө Үндэсний статистикийн хорооноос махны үнэ инфляцид хамгийн ихээр нөлөөлж байгааг мэдэгдэв. Махны үнээс болоод хэрэглээний сагсан дахь 300 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн гэнэ. Үнэндээ 40 сая толгой  малтай, гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улсын эдийн засаг махны үнэд чөдөрлүүлэх болсон нь ичгэвтэр хэрэг л дээ. Махны үнээс болоод инфляци эрчимжиж, инфляциас болоод бодлогын хүү өсчихлөө. Бодлогын хүү зээлийн хүүд нөлөөлж, зээлийн хүү үйлдвэрлэлийг хумина. Ингээд бодохоор инфляцийг тогтоох Монголбанкны шийдвэр зөв үү гэдэг асуулт тавигдаж байгаа юм.

Инфляци өнөөдөр улсын хэмжээнд жилийн 15.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 17.3 байгаа  бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засаг дахь үнийн өсөлтийг эрчимжүүлж буй хамгийн том шалтгаан болоод байгаа ажээ. Мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 51.8 хувиар өсч, Улаанбаатар хотын эхний гурван сарын инфляцийн 68.2 хувийг бүрдүүлэх болсон  нь эдийн засагт түргэн авахад хүргэв. Нийлүүлэлтийн ийм өндөр инфляцитай үед ядаж байхад Засгийн газар бөөн бөөнөөр нь бэлэн мөнгө тараахаар шийдвэрлэчихээд байдаг. Бүр энэ сарын сүүлээр эхнийхээ хэсгийг нь тараахаа зарлачихсан шүү дээ. Сая, сая төгрөг тараагаад эхлэнгүүт махны ченжүүд нь үнээ дахиад нэмэх нь тодорхой. Тэгээд л Засгийн газрын өглөг дагаж үнэ өсөхөөс сэргийлж Монголбанк сурсан дадсан ганц мэхээ хийхээр шийдэж. Ер нь төв банкны  зүгээс инфляцийн эсрэг авдаг ганц арга нь  бодлогын хүүгээ нэмэх. Харамсалтай нь энэ арга нь байгаа хэзээ ч онож байгаагүй юм.

Сар гаруйхны өмнө төв банк инфляцийн  эсрэг бодлогын хүүгээ өсгөсөн бий. Гэсэн хэдий ч бодлогын хүү нэмэгдсэнээр махны үнэ болоод бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурсангүй. Харин ч орон сууцны үнэ сарын өмнөхөөс 4000-8000 саяар, махны үнэ сарын өмнөхөөс 1000-1500 төгрөгөөр өсчихсөн.
 
Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг баярлуулж байгаа сая төгрөгийг сургаар нийт эрэлт нэмэгдэхээр байгаа нь цаашдаа инфляцийн өрнөлийг хурдасгах эрсдэлтэй байгаа гэнэ.  Тухайлбал, төсөв болоод төсөвтэй адилтгах зардлаар өдөөгдсөн илүүдэл эрэлтийн дээр сүүлийн үед гаднаас нэлээд хөрөнгө орж ирж байгаа нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхээр байгаа аж.  Тэгээд л Монголбанк инфляцийг хязгаарлах, гадаад валюттай харьцах төгрөгийн ханшинд ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээг авсан гэдгээ онцлов. Монголбанк инфляцийг хязгаарлах арга хэмжээг шаардлагатай тохиолдол цаашдаа ч авч байх болно гэдгээ мэдэгдээд байгаа. Харин эдийн засагчид болоод Дэлхийн банкны мэргэжилтнүүд бодлогын хүүг ойр ойрхон нэмэх нь эдийн засагт нэмэр болохгүй гэдгийг анхааруулдаг. Урт хугацааны тур­шид мөнгөний хэт чанга бодлого хэрэгжүүлэх нь эргээд эдийн засгийг хорлодог гэмтэй аж. Тийм болохоор ч аж ахуйн нэгжүүд Монголбанкны шийдвэрийг үндэсний үйлдвэрүүдийг дам­пуу­ралд хүргэх бодлого хэмээн шүүмжлэнгүй хандаж байна. Бодлогын хүү өсөхийн хэрээр зээлийн хүү нэмэгдэх тодорхой. Тэгэхээр махны үнийн өсөлт үндэсний үйлдвэрүүдийг үүдээ барихад хүргэж магадгүй нь дэг.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж