УИХ-ын шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталж, 2007 онд УИХ-ын 27-р тогтоолоор стратегийн 15 ордыг нэрлэсэн билээ. Өдгөө эдгээр ордоос зөвхөн Оюутолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаадын компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ хийж эхэлсэн байгаа. Бусад 14 орд нь улсын төсвөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордууд юм байна. Дэлхийд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол түүнийг нь тухай улс өөрөө шийддэг бол харин Монголд арай өөр жишгээр хийж байна. Тухайлбал, Эрдэнэт, Багануур зэргийг эс тооцвол ордуудын лицензийг мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй, тухайн үед энэ салбарт алба хашиж байсан хүмүүс авдаг гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байлаа.
УИХ-ын гишүүд “УИХ-ын Тамгын газраас Оюутолгой Монголд хэрэгтэй юу гэсэн судалгаа хийсэн байна. Тэгэхэд Монголд огт ашиггүй гэсэн дүгнэлт гарсан. Анхны хөрөнгө оруулалтыг нөхмөгц Монголын талын хувь оролцоог 50 хүртэл хувь болгох байсан ч Засгийн газар үүнд анхаарч ажиллаагүй. УИХ-ын гишүүдийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийнхөн Оюутолгойн ашиглалт, хөрөнгө оруулалтын байдалд судалгаа хийхэд Монгол Улсад хохиролтой, алдагдалтай болсон гэсэн дүгнэлт гарсан байна. Дор хаяж хоёр тэрбум ам.долларын алдагдал Монголын тал хүлээнэ гэсэн дүгнэлт гарсан” гэдгийг хэлж байлаа.
“Саусгоби сэндс” компани хууль зөрчиж 28 лицензийг Хятадын мэдэлд өгсөн бөгөөд нийт хувьцааны 71 хувийг эзэмшихээр болсон юм байна. Энэ асуудлыг УИХ-ын зарим гишүүд санал тавьснаар УИХ-аар хэлэлцэхээр болсон байгаа юм байна. УИХ үүнийг 29 хоногт багтааж шийдэх ёстой гэнэ. УИХ дахь Ардчилсан намын гишүүд энэ асуудлыг холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар ярихаар болсон юм байна. Д.Ганхуяг “Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан. Уг хуульд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордод 15 ордыг нэрлэсэн. Өнөөгийн байдлаар стратегийн ордуудаас Оюутолгой эдийн засгийн эргэлтэд орох хөрөнгө оруулалтын гэрээ нь хийгдсэн. Бусад ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон. Хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бол улс хэрхэн ашиглахаа өөрөө шийдвэрлэдэг дэлхий нийтийн жишиг бий. Засгийн газрын гишүүд. УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогооч гэж олон удаа Ерөнхий сайд болон салбарын сайдад нь хандсан. Гэтэл байдаггүй. Дарханы Төмөртэйн ордоос эхлээд зөөгөөд дуусч байна. Үнэндээ Засгийн газрын хуралдаан дээр стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох гэхээр улс төрийн оролцоотой гээд хойшлуулаад байсан юм билээ. Үүнийг хуулийн дагуу шийддэг Засгийн газрын тэргүүн байх хэрэгтэй. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэв. Г.Баярсайхан “2000 оны үед монголчууд бид 6000 ордын талаар ярьдаг байсан. 6000 нь явсаар байгаад стратегийн 63 орд болсон. 63 нь 40, 40 нь 15 болсон. Ард түмний нүдэнд ил болох хүртлээ ямар их орд гээгдсэнийг эндээс харж болно. Одоогоор 15 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй, уул уурхайг гаднын хөрөнгө оруулалтаар хөгжүүлнэ гэсэн бодлого явж байсан. 2008 онд стратегийн ордод гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоосон байна.
Казахстанд 2005 онд тогтоосон. Улс орон хөрөнгө оруулалтаа татахын тулд нээлттэй бодлого явуулдаг. Дараа нь уул уурхайн салбар дахь үндэсний бодлогоо дэмждэг. Үе үеийн Засгийн газар гадаадын нөлөөнд автан монголчууд бидний эзэмших хөрөнгийг гадаадад арилжаалж байна. УИХ-ын төвшинд зарим асуудлыг яриахаар болсон. Ингэснээр гадаадын уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтын босгыг тогтоож өгнө. Цаашид монголчууд бид уул уурхайн салбараас олсон орлогыг хэн нь гадагшаа урсгаад байна гэдгийг ялгаж салгах боломжтой болно” гэдгийг онцолж байлаа.