УИХ-ын сонгууль болох цаг хугацаа ойртсоор байтал Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхгүй цаг алдаж буй тул ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдсэн юм. Ингэхдээ УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийг хийж, сум дүүргийнхийг ирэх намар буюу аравдугаар сард зохион байгуулах хувилбар дээр тогтох ёстой гэсэн өмнөх байр сууриа Ардчилсан намын бүлэг хадгалж байгаа ажээ.
Ардчилсан намын бүлгээс гаргасан уг мэдэгдэлд, Монгол Улсын Их хурал 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд “орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар дурдаад, энэ өөрчлөлтийг 2008 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид, тэднийг сонгосон сонгогчид ч тухайн сонгууль явагдахаас өмнө тодорхой мэдэж байсан бөгөөд одоо явагдах УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгууль хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу явагдах ёстой гэж.
Мөн цааш нь, хоёр сонгуулийг хамт явуулах тухай дээрх зохицуулалт болон 2011 оны 12 дугаар сарын 15-ний өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуультай нийцүүлэн УИХ-ын гишүүдээс Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр төсөл өргөн барьсан ч УИХ дахь намын бүлгүүдийн зөрүүтэй байр сууринаас шалтгаалан уг төслүүдийн хэлэлцүүлэг хийгдэх боломжгүй байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахад цөөхөн хоног үлдээд байна. Энэ хугацаанд үүсээд байгаа нөхцөл байдалд нэг намын бус нийт ард түмний эрх ашгийн үүднээс эрүүл саруул үнэлэлт дүгнэлт хийн мухардлаас гарах гарц хайхгүй бол сонгуулийн хуулиудын ойлгомжгүй байдлаас төрийн хэвийн үйл ажиллагаа гацан Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх төлөв байдал ажиглагдаж байна. Иймд намын бүлгүүд өөрсдийн байр суурийг эргэн харж зөвшилцлийн замаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Тиймээс Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах, сум, дүүргийн сонгуулийг тусад нь зохион байгуулж явуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд танд болон УИХ дахь МАН-ын бүлэгт албан ёсоор гаргаж байна. Асуудлыг шийдэхгүй удааж байр сууриа хадгалан үүссэн нөхцөл байдлыг даамжруулах аваас үүнээс үүдэн гарах аливаа хямралт байдлын үр дагавар, уршиг хохирлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд , МАН-ын дарга С.Батболд та болон УИХ-ыг бүрдүүлж буй олонхийн хувьд УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн хариуцах болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Мөн уг мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 20-ны дотор илгээхийг хүссэн байна.