Галданбошигт хааны хүндэтгэлийн өргөө Улаангомд нээгдлээ. Увсчууд бид бүхэн баатарлаг түүхээрээ бахархах, шилдэг өв уламжлалаасаа сурах, үндэсний омогшил бий болгох зэрэг нь хэн бүхний сэтгэл зүрхэнд хадгалагдаж явсан бодол санааг нь ил тод болгож буй хэрэг юм. Түүхэн хүмүүсийнхээ гавьяа зүтгэл, үйл хэргийг тодруулах бидний үүрэг зорилго ч энд тусгалаа олж байгаа юм. Галданбошгот хаан болон тэр үеийн үүх түүхийг улам тодруулах, үнэн зөвөөр тогтоох нь хойч үеийнхэнд бахархал болох төдийгүй Ойрад түмний уламжлалт соёлоо өвлөх үргэлжлүүлэх утга агуулга, учир гогцоо, улам дэлгэрэх дэлгэрүүлэх нэг суурь эхлэл гэж ойлгох учиртай. Ойрадуудын угсаа удам гэдгийг зөвхөн Ховд аймаг гэхчлэн явцуухан ойлгож болохгүй нь тодорхой. Увсын ард түмэн бид бас л тэдний хойчис. Энэ өргөө бол Увс аймгийн төрийн хүндэтгэлийн үйл ажиллагааны ордон гэсэн үг. Энд гадаад дотоодын томоохон гэрээ хэлэлцээр байгуулж, батламжлах, төрийн өндөр дээд шагнал гардуулах, хүндтэй зочин гийчнийг угтах үдэх, шинээр мэндэлсэн болон гэр бүл бологсдод гэрчилгээ олгох зэрэг үйл ажиллагаанд чиглэгдэнэ. Өргөө маань ард олны түүх соёлоо мэдэх сурах газар байх болно. Ард түмний өмнө хэзээд нээлттэй байх учиртай. Сурагчдад түүхийн хичээл заах, түүх соёлоо мэдүүлэхэд ч тус нэмэр болвол зохилтой билээ.
Галданбошгот хааны үеэс эхэлж олон зууныг дамжсаар ирсэн баатарлаг түүх түүний дотор XX зууны эхэн үед энэ нутгийн хаан сууж, төр нийгмийн үйл хэргийг шударга зөвөөр явуулж бидэнд гардуулж өгсөн Далай хан Түмэндэлгэржав хүртэлх үүх түүхээ бид сайн мэдэж байх, судалж сонирхож, суралцаж дэлгэрүүлж байх үүрэгтэй юм шүү. Энэ өргөөг барьж байгуулахад анхлан санаачлага гаргасан сайн санаат хүмүүс% Улаангом сумын Засаг дарга байсан Л.Моломдагва болон санхүүжүүлэх ажилд анхаарал тавьсан Н.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар мөн аймгийн Засаг дарга байсан Л.Тогоо, ИТХ-ын дарга Д.Батсайхан зэрэг санаа сайт, зөв сэтгэлт бүхэнд бид талархаж байна. Ер нь Увсчуудын сайхан сэтгэлээр боссон өргөө шүү гэж онцлон хэлж болно.
Э.Цасчихэр
(Увс аймгийн Засаг дарга)
Эх сурвалж: www.west.mn