Хоёр талын хамтарсан тооцоогоор Монгол Улсын ядуурлын хамралт 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 хувиар, ядуурлын гүнзгийрэлт 7.6 хувь болж 3.7 хувиар, ядуурлын тус тус буурсан байна.
Ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, бүсээр /хувиар/
Ядуурлын хамралтын хүрээг бүс нутгаар авч үзсэн дээрх хүснэгтээс харахад Баруун бүсийн ядуурлын хамралт 30.2 хувь, Хангайн бүсийнх 38.9 хувь, Төвийн бүсийнх 27.2 хувь, Зүүн бүсийнх 34.3 хувь, Улаанбаатар хотод ядуурлын хамрах хүрээ 23.5 хувь болж, 2010 оныхоос бүс бүрт 2.1-20.9 хувиар буурсан тухай албаныхан онцолж байна.
Энэхүү судалгаанаас үзэхэд, хөдөө орон нутагт ядуурал мэдэгдэхүйц буурсан байгааг харж болох бөгөөд ийнхүү ядуурлын түвшин буурсаныг малын хорогдол болон төллөлттэй шууд холбон тайлбарлаж байсан юм.
Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран 2002 оноос хойш статистикийн чадавхийг бэхжүүлэх, өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа, ядуурлын үзүүлэлт тооцох арга зүй, тооцооны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа ажээ. Цаашдаа энэ талаарх бүс нутгуудаар авч үзэж, аль өрх ямар түвшинд амьдарч байгаа нарийвчилсан судалгаа хийж, тавдугаар сард үр дүнг танилцуулах гэнэ.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Жеверс өнөөдрийн хурлаар “2011 оны энэ үзүүлэлт буюу улирал тутам гаргадаг өрхийн болон айл өрхийн түүврийн судалгаа нь дэлхийн хэмжээнд хэрэглэж байгаа аргачлалтай нийцэж байгаа юм. Цаашид Монголд энэ судалгаа олон жил үргэлжлэх боломжтой бөгөөд ядуурлыг бууруулахад ямар бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тодорхойлох үндэс болох учиртай. Ингэж ядуурлын түвшин ямар байгаад үнэлгээ өгөх нь дэлхийн банкны зүгээс оруулж буй жинтэй хувь нэмэр болж чадах байх” хэмээн хэлсэн юм.
Улсын хэмжээнд ядуурал буурсан талаар Монгоын Статистикийн Үндэсний хорооны дарга С.Мэндсайханаас тодруулаа.
-Ядуурлын төвшин буурсанд нөлөөлсөн гол хүчин зүйлийг тайлбарлахгүй юу?
-2010 онд Монгол Улсад 11,3 сая мал хорогдсон буюу зудын жил байсан. Харин 2011 онд энэ зудын гамшгийг давсан амьдрал хэвийн болсон жил байсан учир ийнхүү 9,4 хувиар ядууралт буурлаа. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн салбарт нүүрлэсэн зудын гамшгийг даван туулсан болон Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр өссөн нь нөлөөлсөн. Мөн улирал тутам явуулдаг өрхийн орлого зарлагын судалгаанаас өрхийн дундаж орлого 503 мянгад хүрсэн байгаа. Энэ нь зарлагаасаа орлого нь давсан үзүүлэлт байна. Гэхдээ яг ямар хүчин зүйлээс гэдгийг нарийвчлан тогтоож, тавдугаар сард үр дүнг нь танилцуулах болно.
-Ядуурлын судалгааг гаргахын тулд хичнээн өрхийг хамруулсан бэ. Түүврийн аргыг хангалттай дүгнэлт гаргаж чадахгүй гэж үзэх хүмүүс байдаг?
-Монгол Улс 730 мянган өрхтэй. Түүврийн аргаар 11300 өрхийн хүрээнд санамсаргүй байдлаар судалгааг гаргаж ирлээ. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга гэдэг бөгөөд улсын хэмжээнд, бүсийн хэмжээнд ингэж түүвэр гарган дүгнэлтэд хүрэх нь хангалттай гэж үздэг. Ер нь цаашдаа тодорхой хэмжээний хөрөнгө зараад, зохион байгуулалтын ажил хийх юм бол яг аль суманд, хэн хэнийх амьдралын амьжиргаа болон ядуурлын төвшин ямар байгааг гаргаж ирэх боломжтой.