
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин цахим үнэмлэх хэвлэх ажил нэг сараар хойшлогдох болж байгаа тухай дуулгаж, “сенсааци” дэгдээв. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цахим үнэмлэх хэвлэх асуудалтай холбоотойгоор өмнө нь байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ “Энэ ажил 14 хоногоор хойшлогдох болж байгааг дуулгаж байсан юм. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлснээр Ц.Нямдорж сайдаас цахим үнэмлэхийн талаар лавлахад “Дахиад нэг сараар хойшлуулахаас аргагүй байна гэсэн хүсэлтийг АНУ-ын “Дата карт” компаниас ирүүлсэн” гэсэн тайлбар хийсэн аж. Харин энэ мэдээллийг сонссон гишүүд “Одоо байнгын хорооны хуралдаанаа зогсоох хэрэгтэй, энэ чинь бүр ноцтой асуудал болж байна. Байнгын хороо бүрэн бүрэлдэхүүнээр асуудлыг хэлэлцэх ёстой” гэж үзсэнээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хаагаад байна.
Г.ДАРЬ