Н.Энхбаярын баривчилгааны талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын баривчилгааны талаар мэдээлэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсан асуудалтай холбогдуулан тухайн үед цагдаагийн байгууллага хэрхэн ажилласан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргал, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Ц.Азбаяр, Нийгмийн хэв  журам хамгаалах газрын дарга Б.Ганзориг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн цагдаагийн  газрын дэд дарга Ц.Азбаяр албадан ирүүлэх тогтоолын дагуу хэрхэн ажилласан талаар мэдээлсэн бол  Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга Б.Ганзориг цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу ажилласан тухайгаа мэдээлсэн юм.

Дээрх  цагдаагийн удирдлагуудын мэдээлснээр  дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 20.00 цагийн үед ЦЕГ-ийн шуурхай удирдлагын төвийн 102 утсанд иргэнээс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн хойно байрлах Мянганы сорил сангийн хашаанд МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэртээ ороход нь буугаар зэвсэглэсэн хэдэн залуус машиных нь цонхыг хагалаад байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүл, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиход АТГ-ын ажилчид шүүхийн шийдвэрийн дагуу Н.Энхбаярыг ажиллахаар ирсэн гэдгээ хэлжээ. Гэтэл тэнд байсан 40 орчим иргэд болон Н.Энхбаярын хамгаалагчид эсэргүүцсэн байна. Тэнд очсон Хан-Уул дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнээс АТГ-ын алба хаагчийн бууг хураан авч, тус ажилтанг тусгаарлаж, цагдаагийн машинд оруулах арга хэмжээ авсан талаар  ярьлаа. Түүнчлэн нөхцөл байдал хүнд болсон хашааны дотор 150 гаруй, гадна мөн тооны хүмүүс цугласан  учир Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, нийслэлийн Хэв журам хамгаалах газраас нэмэлт хүч дуудаж, хамгаалалт гарсан гэлээ.

Андуурч орсон айлаас уучлал хүссэн гэв

Түүнчлэн албадан баривчилгааг явуулахад цагдаагийн алба хаагчид хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн талаар Нийгмийн хэв  журам хамгаалах газрын дарга Ганзориг  тайлбар хийв. Тэрбээр “АТГ-ын эрх бүхий албан тушаалтны гаргасан  албадан баривчлах тогтоолыг үндэслэн дөрөвдүгээр сарын 13-ны 06.00 цагаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн хойно байрлах гуравдугаар байрны хаалгыг онгойлгохыг  шаардахад шаардлага биелүүлээгүй учир шаардлагатай арга хэмжээ авч, дотогш нэвтэрсэн. Дотогш нэвтрэн ороход тус байрны I, II давхарт настай хүмүүс сууж, албадан баривчлах ажиллагаанд саад учруулсан тул байрнаас гаргасан. АТГ-ын мөрдөн байцаагч Н.Энхбаярын байгаа гэрийн хаалганы гадаа 15, дотор нь 10 гаруй тусгай бэлтгэгдсэн хүн байгаа гэх мэдээлэл өгсөн. АТГ-ын мөрдөн байцаагчийн мэдээллийн дагуу нэг дэх хаалга руу ороход өөр айлд андуурч орсон байсан. Харин нөгөө  айлыг хаалгаа тайлахыг шаардахад тайлж өгөөгүй учир эвдлэн ороход 10 гаруй  залуус эсэргүүцэл үзүүлсэн. Цаад өрөөнд сууж байсан Н.Энхбаярт албадан баривчлах тогтоол  гарсан талаар танилцуулсан боловч, хүлээж аваагүй тул  албадан авч явсан. Айл андуурч, хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагаас уучлал хүссэн  байгаа” гэв.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж