
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор МАН-ын бүлгийн гишүүдээр санал хураалгав. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар уг нь эхлээд “Хэлэлцэх төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байна уу” гэж асуусан ч гишүүдээс хэн нь ч гар өргөсөнгүй. Энэ нь хууль бус байнгын хорооны хуралдаан болж байхад асуулт асууж, санал хэлэх нь хэрэгт орно гэж хаширласных ч байж магадгүй. Тиймээс ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан билээ. Хамгийн анхны зарчмын зөрүүтэй санал дотор УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусад нь зохион байгуулах тухай гэсэн заалт байлаа. Эл заалтыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнээр орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас салгаж явуулах тал руу орж буй юм. Гэхдээ дээрх хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдэж, байнгын хорооны хуралдааныг орхин гарсан байтал МАН-ын бүлэг дангаараа үлдэж санал хураалтыг явуулсан явдал нь хүчинтэйд тооцохгүй байх магадлалыг бий болгож буй юм.
Г.ДАРЬ