АН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш зарлагдан хуралдаанаа эхлүүлсэн юм. Түүгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн/ нэгтгэсэн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ёстой байлаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг “УИХ-ын сонгуультай хамт орон нутгийн удирдлагыг сонгох зарим сонгуулийг хамтад нь явуулах ёстой” гэсэн саналыг эхэлж байнгын хороогоор хэлэлцэж байж, дараа нь дээрх хуулийн төслийг хэлэлцэх ёстой хэмээн үзсэн юм. Харин энэ саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ байнгын хорооны дарга илэрхийлсэн нь улмаар намын бүлгээрээ талцан маргалдахад хүрэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөрөвдүгээр сарын 4-нд болж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд санал гаргаж “Хоёр намын бүлэг энэ асуудал дээр санал нэгдэхгүй, Засгийн газар тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа нөхцөлд УИХ-аараа энэ асуудлыг санал хураалтаар шийдэх ёстой” гэж үзээд санал хураасан. Энэ дагуу асуудлыг авч үзэх ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Загджав “Н.Энхболд дарга аа, та дөрвөн жил худлаа ярилаа” гэж эсэргүүцэв. Эцэст нь УИХ-ын чуулганы тухайн өдрийн протколыг авч үзэхээр шийдсэн юм. Харин энэ хооронд УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Байнгын хорооны дарга аа, асуудлыг битгий хүчээр шийдэх гээд бай. Ямар их бяртай болчихсон юм бэ” гэхэд УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хууль зүйн сайд болно гээд бяр нь амтагдаад байхгүй юу даа” гэж, хэрүүлийг улам авалцуулав. Байнгын хорооны дарга Ш.Сүхбаатар “Битгий солиотой юм яриад бай” гэсэн хариу барьсан бол Н.Батбаяр гишүүн “Танай намынхан ер нь яах гээд байна вэ. Хууль зүйн сайд чинь хууль зөрчинө, чи бас дээр нь хууль зөрчинө” хэмээн буруутгав.

Хэрүүл хоёр талын бие биенээ өмөөрсөн мэтгэлцээнээр үргэлжилж, энэ явцад УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бүх асуудал дээр завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Харин байнгын хорооны дарга “Хэлэлцэх асуудлаа батална” хэмээн зүтгэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарахад гагцхүү Н.Батбаяр гишүүн үлдэж, хэрүүлээ үргэлжлүүлсэн ч дараа нь мөн л танхимыг орхисон юм. Ингээд байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлаа батлахаар улайрч асуудалд ороход УИХ-ын гишүүн Д.Энхбат “Байнгын хорооны хурал болоод байна уу, эсвэл зөвлөлдөх хуралдаан хийгээд байна уу” гэдгийг лавлав.

Хуулиараа бол намын бүлэг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан нөхцөлд тухайн асуудлыг хэлэлцэх боломжгүй, гэтэл байнгын хороо хуралдаж байгаа явдал нь УИХ-ын дэгийг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Харин тус байнгын хорооны дарга Ш.Сүхбаатар “Алийн болгон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дараад байгаа юм шиг ойлголт өгөх гэсэн юм. Тэгээд ч арав хоногийн дараа УИХ-ын сонгуулийн ажил эхлэх гэж байна. Байнгын хорооны хувьд асуудлыг шийдэхэд энэ долоо хоног, дээр нь ирэх долоо хоног л үлдэж байгаа. Энэ хооронд асуудлаа шийдэхгүй бол цаг хугацаа тулж байна” гэсэн юм. Энэ үед УИХ-ын гишүүн Д.Энхбат хууль бус байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэн, гарч одов. Гэлээ ч Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

НЭМЭЛТ: 18.30 цагт:


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн
сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг хэлэлцэх шатанд УИХ-ын
гишүүн Ө.Энхтүвшин цахим үнэмлэх хэвлэх ажил нэг сараар хойшлогдох болж
байгаа тухай дуулгаж, “сенсааци” дэгдээв. Уг нь Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдорж цахим үнэмлэх хэвлэх асуудалтай холбоотойгоор
өмнө нь байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ “Энэ ажил 14
хоногоор хойшлогдох болж байгааг дуулгаж байсан юм. УИХ-ын гишүүн
Ө.Энхтүвшингийн хэлснээр Ц.Нямдорж сайдаас цахим үнэмлэхийн талаар
лавлахад “Дахиад нэг сараар хойшлуулахаас аргагүй байна гэсэн хүсэлтийг
АНУ-ын “Дата карт” компаниас ирүүлсэн” гэсэн тайлбар хийсэн аж. Харин
энэ мэдээллийг сонссон гишүүд “Одоо байнгын хорооны хуралдаанаа зогсоох
хэрэгтэй, энэ чинь бүр ноцтой асуудал болж байна. Байнгын хороо бүрэн
бүрэлдэхүүнээр асуудлыг хэлэлцэх ёстой” гэж үзсэнээр УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хаалаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж