
Эрх баригч МАН-ын дотор сонгууль дөхсөн энэ өдрүүдэд янз бүрийн л асуудал дэгдээд байна. Сонгууль бүрийн өмнө намууд хоорондоо бүү хэл дотроо эв эвдэрч хорон үг шидэлцдэг ч энэ удаагийнх арай өвөрмөц хэлбэрээр илрэх боллоо.
Юуны түрүүнд УИХ-ын 2012 оны сонгуульд МАН хэмээх хүчирхэг нам хүч тарамдуу байдлаар орох гэж байна. 2010 оны намар МАХН гэдэг нэрээс “Х” үсэг хассанаас болж улс төрийн ууган хүчний задрал бодит зүйл болсон. “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, МАН гурав тасравч намын дайтай” юм болохоор хамгийн том хоёр хүчний нэг байсаар байгаа ч дотоод хагарал нь сүүлийн өдрүүдэд улам бүр тодрох боллоо.
Нэгэн үзэл баримтлалтай мэт гаднаасаа харагддаг ч тогоондоо хагарсан олгой нь үе үе хальж сагах болсон МАН-ын дотоод тэмцэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа улам хурцаджээ.
УИХ дахь МАН-ын бүлэг дотроо сөрөг байр суурьтай, “Соёмбо” хэмээх фракцын суурийг тавиад буй гэх хэсэг гишүүн МАХН-ын даргыг баривчлагдсан өглөө хариугүй МАН-аас гарчих дөхөв. Нэр бүхий хэсэг гишүүнийг МАН-аас гарч МАХН-д орох гэж байна гэж эртнээс дуулдаж байсан ч тэр өглөө мөнөөх сураг ажиг ёсоор болох шахсан юм. Эрхэм гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-ын даргынд сууж байгаад хүчнийхний халдлагад өртсөнөөс болоод эгээтэй л МАН-аас гарах шийдвэр гаргачих шахсан. Гэхдээ МАН-аас гарч МАХН-д элсэх нь өөрсдийнх нь цаашдын карьерт харш гэдгийг тэр дороо ухаарч “Засгийн газар яаж шийдэхээс болно. Би намаасаа гарах бодолгүй байна” гэх зэрэг жаахан авцалдаа муутай тайлбаруудыг хийж байна. Гэхдээ л МАН-ын байр суурь ганхвал УИХ дахь бүлэг дотроос нь бүлэг бүрдэх хэрийн гишүүн гарахад бэлэн гэдэг нь харагдлаа.
Шинэхэн гишүүд нь тун туйлбаргүй гэдэг нь бас нотлогдлоо. “Заяаныхаа намыг оллоо” хэмээн дуулиан шуугиантайхан элсч, ядаж түдэх юмгүйгээр Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болсон хүний эрхийн хуульч хатагтай М.Ичинноров “Залуу хүн алдаж болно шүү дээ. Би аймаар алдсанаа сая ухаарлаа. Миний нам МАН биш МАХН байсан байна” хэмээн Тусгаар тогтнолын ордноо туйлж хаяад одлоо. Олон жил зүтгэсэн МАН-ын унаган гишүүд нь ч мөрөөдөөд хүрч чадаагүй МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр намд элсүүтээ дэвшсэн хүн ингэж аяглах ч гэж. УИХ-ын зарим гишүүнийг “Намаас гарах гэнэ” гэсэн сураг дуулаад нээрээ тэгнэ гэж итгээд дэрвэчихсэн ч байж мэднэ. Гэтэл гишүүд чинь далан долоо хэмжиж, нэг огтолдог нөхөд шүү дээ. Зарим нэгнийг МАН-д элсэнгүүт өндөр алба тушаалаар шагнаад байсны горыг МАН-ын удирдлага ингэж амсч эхлэв. Уг нь дээлийн шинэ, хүний хуучин нь дээр гэдэгсэн.
МАН доторх “Нялх Сэнгэмүүд” буюу Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны гишүүн залуус “өндөр албанд томилохгүй бол, УИХ-д нэр дэвшүүлэхгүй бол ингэнэ тэгнэ” гэж тунирхах болсон сурагтай. Аав ээж нь чинээлэг, мөнгө ихтэй олон эрх хүүхдийг толгой дээрээ гаргачихсан нам чинь одоо яана даа. “Сэнгэмүүдээ” эрхлүүлэхгүй гэвэл мөнгөтэй хүний хүүхдийг гомдоох, эрхлүүлье гэхээр намын эрх ашиг хохирох ийм ацан шалаан дунд ууган намынхан хавчуулагдаж орхиж.
Ойрд УИХ дахь МАН-ын бүлгийн хурал ширүүхэн болдог болжээ. Ялангуяа бүрэн эрхээ хүчнийхний халдлагад өртөн зөрчүүлсэн гишүүд нам нэгт сайд Ц.Нямдоржийг огцруулахаар АН-ынхантай уухай нэгтгэх болов. Нэг удаа УИХ-ын даргаас огцруулсан юм, одоо сайдын сэнтийгээс шилжүүлэхэд яадаг юм хэмээн бичиг цаас илгээх боллоо. Тархиа хөдөлгөсөн, хацраа хавтгасан, нүдний шилээ эвдүүлсэн, хоолойгоо боолгосон гишүүд УИХ-ын даргыг “Бидний бүрэн эрх айхавтар зөрчигдөөд байхад дуугүй суулаа. УИХ-ын бүтцийн байгууллагууд анхаарсангүй” гэхчлэн мэдүүлж “Ц.Нямдорж сайдыг огцруулахгүй бол тайтгаршгүй” гэх болжээ.
Шинэ гишүүдээ шилрүүлэх вий, залуу гишүүдээ гомдоох вий, хашир хэдээ өөр намд алдах вий, Ц.Нямдорж сайдыг огцруулчихвал Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын асуудал дахин хүчтэй сөхөгдөх нь мэдээж. Эрх баригч нам байж иргэдээ цахим үнэмлэхгүй сонгуульд оруулах вий. Хэрэв тэгвэл Нямка сайддаа мундраа үүрүүлээд тууна даа гэхчлэн элдэв эсийн зовлонд МАН уначихаад байна. Бас МАХН-ын даргын баривчилгаанаас үүдээд “дараагийнх нь” гэх айдаст автсан төрөөс төрсөн тэрбумтнууд эдэн дотор бийг ч хэлэх үү. МАН өөрөө дотроо жинхнээсээ “манан”-тай байна.
Энэ МАН яагаад байна аа.