Улсын филармонийн гоцлол дуучин Б.Цэдвээ уран бүтээлийн бие даасан тоглолтоо энэ сарын 20-ны өдөр Улсын филармонид “Зүйрлэх ижилгүй” нэртэйгээр хийх гэж байна. Гоцлол дуучин Б.Цэдвээ нь “Хөгжмийн багшийн коллеж”-ийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсч, 1992-1998 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлаган дор төгсчээ. 2000 оноос Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд 1999 онд Япон дуу дуулаачдын улсын уралдаанаас тусгай байр, 2002 онд хоёрдугаар байр, 2000 онд Рок поп дуучдын улсын уралдаанаас гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байсан. Харин 1999-2001 онуудад БНХАУ-ын хотуудаар “Баян монгол” чуулгатай аялан тоглолтоор, 2007 онд Улан-Үдэ хотод болсон Олон улсын жааз фестивальд амжилттай оролцож байсан аж. Өнгөрсөн 2008 онд “Зүйрлэх ижилгүй” нэртэй цомгоо гаргаж байсан юм.
М.УРИН