Ховд аймгийн Манхан сумын газарт археологичид хайгуул судалгаа хийх явцдаа хүрэл зэвсгийн үеийн хосгүй дурсгал болох буган чулуун хөшөө, мөн хадны зургууд болон ойрадуудын хэрэглэж байсан бичгийн дурсгал болох тод бичгийн дурсгал олж илрүүлжээ. Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун зүгт 25 км-ийн зайд Баянтүмбэ уулын үргэлжлэл болох салбар уулын төгсгөл толгодыг нутгийнхан Хүйсийн хар хэмээн нэрлэдэг. Уг уулын ДТД 2100м өндөрт хэсэг зураг байжээ. Уг зургууд нь уулынхаа орой хэсэгт наран ээвэр талд гурван хэсэг хаданд таван өөр төрлөөр зурагдсан. Үүнд гацуур мэт урт эвэртэй буга хоёр ширхэг, хоёр бугын нэгнийхэн араас чоно хөөж байгаа байдалтай дүрслэсэн бол, хажуу талд нь Палеолитийн үед амьдарч байгаад мөхсөн амьтны нэг болох арслан зааны дүрслэл мөн морьтой хүний дүрийг хамтад нь тус тус сийлжээ. Эдгээр зургуудыг бүгдийг нь хонхойлон цохиж сийлсэн байна. Эдгээр зургууд нь ихэвчлэн хүрлийн үед холбогддог (одоогоос 3000-1000 жилийн тэртээ) гэж судлаачид үзэж байна.
Э.Сараа