Монголын либерал нам мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Монголын либерал нам мэдэгдэл хийлээ

Монголын либерал намаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулж өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хуралд Монголын либерал намын дарга Л.Алтанчимэг, “Даяар Монгол” ТББ-ын дэд тэргүүн Г.Ганбат, Монголын либерал намын улс төрийн ажилтан н.Цогтбаатар, Монголын либерал намын дэргэдэх Нийгмийн хөгжлийн залуучуудын холбооны дэд дарга н.Энх-Отгон, Монголын либерал намын дэд дарга Б.Дашзэвэг нар оролцож, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Өчигдөр тус намаас мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдлийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хаяглажээ. Мэдэгдэлд, “Аливаа улсын ерөнхийлөгч байсан хүн тухайн улсын нэгдүгээр зэргийн хүн байж, улс орны тусгаар тогтнол, төрийн нууцыг маш сайн мэддэг утгаар нь насан туршид нь төрийн хамгаалалтад байлгаж, тусгай эрхийг эдлүүлдэг тогтсон ёстой. Энэ үүднээс хууль ёсоо гажуудуулан зүй бусаар баривчилгаа явуулж, хүний эрх, өмчид халдсан нь дан ганц Н.Энхбаярын эсрэг биш Монголын ард түмний итгэл үнэмшил, сэтгэлийг эвдсэн тул хүний эрхийн эсрэг шинжтэй гэмт халдлага мөн гэж үзэж байна. Тиймээс Н.Энхбаярыг нэн даруй суллахыг шаардаж байна” хэмээжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж