Манай улсын хувьд нүүрс, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ болон орлого нь нэмэгдэхийн хэрээр экспортын татвар тавих тухай санал, хуулийн төслийг батлах тухай хэлэлцүүлэг хүчтэй өрнөх болсон.
Гэвч нөгөө талаас нүүрсний компаниудын одоогийн төлж буй татварын хэмжээ нийт орлогын бараг 40 хувиас илүү гарч байгааг компаниудын төлөөлөл тайлбарладаг.
Өнгөрсөн жилийн байдлаар манай улсын нүүрсний экспортын хэмжээ 21.1 сая тоннд хүрсэн. Энэ бол зөвхөн коксжих нүүрсний экспортын хэмжээ. Цаашдаа манай улс Хятад руу эрчим хүчний нүүрс экспортолж эхэлбэл уг хэмжээ үлэмж хэмжээгээр өсч мэднэ. Учир нь Хятадад эрчим хүчний хомсдол хэдийнэ нүүрлэж эхлээд байгаа юм.
Энэ жилийн хувьд манай улс урд хөрш рүү 30-40 сая тонн коксжих нүүрс экспортлох төлөвтэй байна.
Өсөн нэмэгдэж буй энэхүү түүхий эдэд экспортын татвар ногдуулж магадгүй тухай өчигдөр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдэгдсэн юм. Түүний мэдээлж буйгаар экспортын татварын хэмжээ 10 хувь байх нь оновчтой ажээ.
Нүүрсний экспортын татварыг 10 хувиар тогтоосон нөхцөлд, энэ жил Монголын нүүрснээс 280 сая ам.доллар төсөвт нэмэлт байдлаар орох боломжтой ажээ.
Урьд өмнө УИХ-ын гишүүд экспортын татварыг 5 хувьтай байхаар ярилцаж байсан бол энэ удаад татварын хэмжээ нэмэгджээ.
Гэхдээ үүнээс ч илүүтэй чухал асуудал бол стратегийн хэмжээний томоохон нөөц баялгийг эзэмшиж буй компаниуд дахь гадаадын хөрөнгө оруулалт, хувь эзэмшлийг зохицуулах явдал болоод байна.
Энэ сарын 1-ний өдөр Өмнөговьд гурван ч томоохон орд газрыг эзэмшдэг “Саутгоби Сэндс” компанийн толгой компани “Саутгоби Ресурс”-ийн 60 хувийг Хятадын төрийн өмчийн компани “Чалко” авахаар болсон тухай мэдээлэл цацагдав. Саутгоби-гийн эзэмшдэг “Овоот толгой”, “Сүмбэр”, “Заг Сүүж” зэрэг нүүрсний төслийн ордуудын нийт нөөц 700 сая тонн давна. Ийм том баялаг Хятадын мэдэлд орох гэж буйг Засгийн газрын нэг ч төлөөлөл гэрээний тухай мэдээлэхээс өмнө огтхон ч мэдээгүй байснаа өөрсдөө хүлээсэн.
Монголд бүртгэлтэй “Саутгоби Сэндс” бус Канадад бүртгэлтэй “Саутгоби Ресурс” хувьцаагаа зарж буй учир Монголд ямар ч падгүй гэсэн хуультай байснаа бид сүүлийн хоёр долоо хоног ихэд гайхацгаав. Фридланд ч Оюутолгой төслийн санхүүжилтийг босгох хүрээнд Саутгоби дахь хувиа “Чалко”-д зарах гэж байгаагаа Монголын төрд хэлэх албагүйгээ сайн ойлгож байсан байх.
“Чалко” хямд үнээр томоохон шар тос олсондоо баярлах зуур Монголын төр дахин ийм алдаа гаргахгүй байх хуулийн төслийг хоёр ч жилийн өмнөөс батлуулах гээд чадаагүй өдий хүрлээ гэж учирлаж сууна.
Тэрхүү хуулийн төслийн нэр нь “Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай” хууль ажээ.
Энэхүү хууль одоо батлагдлаа ч Монгол улс Саутгоби-гийн 700 сая тонн нүүрсний нөөцийг хятадуудад алдсаны зэрэгцээ Айвенхоу-гийн олж буй бараг тэрбум доллараас татвар авч чадахгүй болсон нь тун ч ойлгомжтой юм.
Ашигт малтмалын газар Айвенхоу, Чалко хоёрын “сэм” гэрээтэй холбогдуулан “Саутгоби Сэндс” компанийн хайгуул, ашиглалтын лицензийг түр цуцалсан гэдгээ өчигдөр мэдэгдсэн ч Монголын Засгийн газар улсдаа ашигтай нүүдэл хийх боломж тун бага юм.
Б. Төгсбилэгт
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn