Монголын дөрвөн боксчин Лондонг зорино

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Монголын дөрвөн боксчин Лондонг зорино

Казакстаны нийслэл Астана хотоос Лондонгийн олимпийг зорих эрхээ хоёроор нэмэгдүүлсэн Монголын боксчид өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ үеэр Гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийхээ сонин хачнаас хуваалцаж, цаашдыг зорилгоос дэлгэсэн юм.

Зуны олимпийн XXX наадам Лондон хотноо эхлэхэд 101 хоног үлдээд байна. Одоогийн байдлаар Монголын тамирчид 14 эрх аваад байгаа юм. Хамгийн сүүлд ширэн бээлийтнүүд эрхийн төлөөх тэмцээнд оролцсон. Астана хотод дөрөвдүгээр сарын 6-12-нд болсон эрх олгох Азийн бүсийн тэмцээнээс хос мөнгөн медаль хүртсэнээр Лондонг зорих боксчдын тоо хоёроор нэмэгдсэн билээ. Гэхдээ энэ тоо хоёроор тогтохгүй, ахиулах боломжтой байсан гэдгийг боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг хэлж байлаа. Ялангуяа олимпийн аварга Э.Бадар-Ууганы жин болох 56 кг-д өрсөлдсөн ОУХМ Д.Отгондалай шүүгчдийн саналаар ялагдал хүлээсэн нь дэндүү харамсалтай хэрэг байсан юм.

Харин Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд форм сайтай байгаагаа харуулсан. Өрсөлдөгчдөө техникийн илт давуу байдлаар эсвэл нугалсан олон оноогоор ялж байсан тэрбээр эхний өрсөлдөгч болох Азийн наадмын аварга, Филиппиний тамирчин Салудар Рэйг техникийн илт давуугаар ялж, хоёр дахь тоглолтдоо Энэтхэгийн боксчин Суранжай Сингхийг 30:10 буюу 20 онооны зөрүүтэй хожиж, дараагийн шатанд Пакистаны боксчинг 22:9 харьцаатай ялснаар олимпийн эрхээ авсан. Харин тэмцээний алтан медалийн төлөө рингний эзэн орны боксчин Ильястай тоглож, ялагдсан билээ.

Лондонг зорих Монголын боксчдын хамгийн сүүлийн эрхийг ОУХМ Б.Түвшинбат авсан. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн жин өгсч, 69 кг-д тоглож байгаа. Хэдий богино хугацаанд ч гэлээ жиндээ хурдан дасч, эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтоо Бээжингийн олимпийн хүрэл медальт, БНСУ-ын тамирчинтай хийж, 29:17-ийн харьцаатай ялсан юм. 

Ийнхүү 101 хоногийн дараа эхлэх Лондонгийн олимпийн боксын төрөлд манай дөрвөн тамирчин оролцохоор боллоо. Энэ нь Бээжингийн олимптой адил тоо боловч чанарын хувьд ялгаатай. 2008 онд Монголын боксчид эрх олгох гурван тэмцээнээс дөрвөн эрх авч байсан бол энэ удаад хоёр тэмцээнээс дөрвөн эрх авч байгаа юм.

Боксын төрөлд олимпийн эрх олгох тэмцээн шар тивийнхний хувьд дуусгавар болсон тул олимп хүртэлх гурван сарын хугацаанд Монголын ширэн бээлийтнүүд олон улсын А зэрэглэлийн хоёр тэмцээнд оролцож, гадны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх аж. Мөн “Эрдэнэт кап” нэртэй олон улсын тэмцээнийг тавдугаар сарын сүүлээр эх орондоо зохион байгуулахаар Монголын олимпийн боксын холбооныхон ажиллаж буй гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж