Саусгоби-ийн толгой компани дахин мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Саусгоби-ийн толгой компани дахин мэдэгдэл гаргав

Өчигдөр буюу 2012 оны 4-р сарын 16-ны өдөр Саусгоби сэндс ХХК-ийг 100 хувь эзэмшигч Саусгоби Ресурсиз компани дараах хэвлэлийн мэдэгдлийг гаргалаа.  
2012 оны 4-р сарын 16, Хонгконг – Өнөөдөр Монгол Улсын Ашигт малтмалын газар (АМГ) Улаанбаатар хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, Саусгоби Ресурсиз компанийн (TSX:SGQ, HK:1878) охин компани болох Саусгоби сэндс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн талаар мэдээлсэн байна.

Эдгээр тусгай зөвшөөрлүүдэд Саусгоби сэндс ХХК-ийн Овоот толгойн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл мөн багтаж байгаа юм.
Энэ талаар Саусгоби Ресурсиз компаниалбан ёсны мэдэгдэл аваагүй байгаа тул Саусгоби сэндс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүд түдгэлзсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Гэсэн хэдий ч албан ёсны мэдэгдэл ирсэн тохиолдолд компани үйл ажиллагаагаа зогсооход хүрч болзошгүйг анхааруулж байна.

Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдлын үүднээс авч хэрэгжүүлж байна гэж манай компанийн зүгээс ойлгож байна. АМГ-ын мэдэгдсэнээр уг шийдвэр нь Хятадын Хөнгөн Цагааны Корпораци (ЧАЛКО) Саусгоби Ресурсиз компанийн хувьцааг худалдан авах санал гаргасан болон Айвенхоу Майнз компани өөрийн эзэмшлийн хяналтын хувьцааг арилжаалах гэрээ байгуулсантай холбоотой гэсэн байна. Тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлснээр Монгол Улсын Засгийн газар Саусгоби Ресурсиз компанийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг хянан үзэх боломжтой болох юм.

Монгол Улсын холбогдох байгууллагуудын зүгээс уг хувьцаа шилжүүлэх үйл ажиллагааны талаар тэдэнд хангалттай мэдээлэл ирүүлээгүй бөгөөд Засгийн газартай урьдчилан зөвшилцөөгүй гэсэн мэдэгдлүүдийг хийж байгааг манай компани ойлгож байна. 
 
Саусгоби Ресурсиз компани нь уг хувьцаа худалдан авах санал болон хувьцаа шилжүүлэх гэрээний талаар Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөхийг Айвенхоу Майнз болон ЧАЛКО компаниудад мэдэгдсэн билээ.

Мөн манай компани бусад голлох хөрөнгө оруулагчид болох Рио Тинто (Айвенхоу Майнз компанийн 51 хувийг эзэмшигч) болон Хятадын Хөрөнгө Оруулалтын Корпорацид (Саусгоби Ресурсиз ХК-ийн энгийн хувьцааны 14 хувийг эзэмшигч) энэхүү хувьцаа шилжүүлэх гэрээний талаар мэдэгдсэн.

Бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах даруйдаа эдгээр болон бусад хөрөнгө оруулагчдад мэдэгдэж байх болно.

Саусгоби Ресурсиз компанийн тухай

Саусгоби Ресурсиз компанинь Монгол Улсын өмнөд хэсэгт орших Пермийн үеийн төмөрлөгийн болон эрчим хүчний нүүрсний ордын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаандаа төвлөрч ажиллаж байна. Тус компани өөрийн гол орд болох Овоот толгойн ордоос олборлосон нүүрсээ БНХАУ дахь харилцагчиддаа борлуулдаг. Саусгоби Ресурсиз компани нь цаашид Азийн зах зээлийг төрөл бүрийн нүүрсээр хангах зорилт тавин ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж