Иран цөмийн тогоонуудаа ашиглалтаас гаргана

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Иран цөмийн тогоонуудаа ашиглалтаас гаргана

Энэ сарын 16-нд Ираны нийслэл Тегеран хотод олон улсын шинж чанартай томоохон хэлэлцээр эхэлж байна.

Сүүлийн өдрүүдэд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрсон дуулиан намжаагүй
байгаа. Гэвч Иран улс Пёньяаны үйлдэлд ач холбогдол өгөлгүй улсынхаа
цөмийн хөтөлбөрийн хүрээнд чухал асуудлаар хэлэлцээрийн ширээний ард
суухад бэлэн болоод байна.

Өнгөрсөн 14-ний өдөр Туркийн нийслэл Стамбул хотод НҮБ-ын Аюулгүйн
зөвлөлийн гишүүд Тегераны бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа нэлээд
олон зүйлд санаа нэгдэж байсны хүрээнд энэ уулзалт товлогдсон. АНУ,
Европын холбоо Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь эдүгээ
Тегеранд хүндээр тусч байна.

Газрын тосны экспортынхоо 50 орчим хувийг алдахад хүрснээс үүдэж Ираны
эдийн засаг үлэмж унажээ. Түүнээс гадна, цөмийн хөтөлбөрийн асуудал
хойшлогдож, бүс нутагт нэр хүндээ алдаж эхлэв. Өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард АНУ, Иранд эдийн засгийн урт хугацааны хориг арга
хэмжээ авахад Ерөнхийлөгч Махмуд Ахмединижад төдийлөн хүндээр хүлээн
аваагүй.

Гэвч гурван cap орчмын дараа Ираны байдал хүндэрснээр олон улсын тавцанд
яриа хэлэлцээр үргэлжлүүлэх саналыг Тегеран эхэлж тавиад байгаа юм.
Европын холбооны гадаад бодлогын зөвлөх Катерин Аштон зургаан талт
хэлэлцээрийн үндсэн цөм нь Ираныг нэг мөр үй олноор устгах зэвсэглэлээс
татгалзахад чиглэсэн гэв.

Талууд ирэх сарын 23-нд Иракийн нийслэл Багдадад дахин уулзах саналд
зөвшөөрчээ. Ираны цөмийн асуудлыг тойрсон уулзалт анх удаа үр дүнтэй
болж байна гэхэд буруудахгүй. Тегеран цаашид барууны улсуудын уриалгыг
хүлээн авч, цөмийн хөтөлбөрөө бууруулна гэдгээ амласан байна. Ямартай ч
хэлэлцээрт оролцсон улсууд 15 сарын хугацаанд тус тусын үүргээ нэн
тэргүүнд гүйцэтгэх аж.

АНУ, Европын холбоо Иранд тавьсан хоригийг шат дараатай цуцлах бол
Тегеран цөмийн тогоонуудаа ээлж дараалан ашиглалтаас гаргах юм. Зургаан
талт хэлэлцээрт, Хятад, Их Британи, Герман, АНУ, Турк, Иран гэсэн улсууд
оролцсоноос Хятад улс Ираны бодлогыг дэмжих төлөвтэй байна гэж
"Ассошейтэд Пресс" мэдээлжээ.

БНХАУ юун түрүүнд Иранаас боловсруулсан нефть импортлоход хөнгөлөлттэй
нөхцөлөөр харилцана хэмээн Тегерантай тохиролцоонд хүрээд байгаа.
Тиймдээ ч Хятадын Гадаад явдлын сайд Ма Жаоху Иранд эдийн засгийн ямар ч
тохиолдолд туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Иран улс хэдхэн сарын өмнө дэлхийн нийтээс улсаа тусгаарлаж, цөмийн
туршилт хийхэд юу ч саад болж чадахгүй хэмээн мэдэгдсэн ч мөнгө бүхнээс
хүчтэй гэдгийг өнгөрсөн хугацаанд болсон бүхэн харуулав. Иранд олон
улсын дэмжлэг цаашид ямар ч тохиолдолд хэрэгтэй болохыг Ахмединижад
сайтар ухаарлаа гэж "Синьхуа" онцолсон.

Цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд уран баяжуулах хүдэр, төмөр хайлуулах
хэдэн арван үйлдвэрлэлийн сектор Иранд дутагдаж байсан нь нууц биш.
Тиймдээ ч улсдаа олборлосон нефтиэ бүс нутгийн улсуудад худалдаж,
түүгээрээ цөмийн ажиллагаа эхлүүлэх гол зорилго өвөртөлж байжээ.
 
Харамсалтай нь, хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш Европын 20
гаруй нефтийн түнш улс харилцаагаа тасалж бүс нутагт Турк улс л хэдхэн
тоннын экспортын гэрээтэй үлдэв. Үүнээс болж, Иран улсад бараа
материалын үнэ огцом өсч, батлан хамгаалахын салбарт төсөвлөсөн хөрөнгө
бүхэлдээ улс орны нийгмийн халамж руу "гулсан" орохоос аргагүйд хүрчээ.

Иран цөмийн зэвсэгтэй болох асуудал дахин нэг удаа бүдэрлээ. Тэд 2003
онд цөмийн цэнэгт хошуу батлан хамгаалах салбартаа нэвтрүүлсэн ч түүнийг
хөөргөх цөмийн лаборатори, ураны асар их баяжмал дутагдаж байна.

Т.Батсугар

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж