“Бостон Брунс” цувралыг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Бостон Брунс” цувралыг тэргүүлж эхэллээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн плей-оффын шатны гурван тоглолт өнөөдөр боллоо. Дорнод бүсийн “Вашингтон Капиталс”, “Бостон Брунс” багийн цувралын гурав дахь тоглолтын мэдээллийг онцлон хүргэж байна.

Нийслэл хотын талбайд эхэлсэн тоглолт маш ширүүн уур амьсгал дор өрнөсөн. Цувралын харьцаа 1:1 болж, тэнцсэн учраас талбайн эзэн Вашингтонд томоохон боломж гарч ирсэн. Эхний үе 15 минут өнгөрч байхад Бостон хүн дутуу тоглолтыг үргэлжлүүлж байлаа. Улмаар Брүүкс Лэйчийн дамжуулалтаар Александр Сэмин тоглолтын анхны гоолыг оруулж, Вашингтон тэргүүлээд эхэлсэн. Харин хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгц зочин баг “Бостон Брунс” тооны харьцааг тэнцүүлж чадсан, Зено Харагийн дамжуулалтаар Рич Певерлэй плей-оффын анхны гоолоо оруулж тоглолтыг эхлүүлсэн. Гэвч 10 секундын дараа багийн ахлагч Александр Овечкин багаа дахин урагш гаргасан. Хоёр ч хамгаалагчын дундаас цойлон гарч ирсэн Орос залуу мөн л энэ жилийн плей–оффын анхны гоолоо хийжээ. Есөн минутын дараа Вашингтон дахин хамгаалалтдаа алдаа гаргалаа. Грег Заногийн дамжуулалтаар хаалгачийн эсрэг гарсан Даниэль Пайлли тооны харьцааг тэнцүүлжээ. Гуравдугаар үе эхлээд удаагүй байхад дахин гоол орсон бөгөөд Брайн Ролстон, Зено Харагийн дамжуулалтыг шууд цохин Бостон анх удаа тоглолтыг хошуучилж эхэлсэн. 3:2 харьцаатай тоглолт 10 гаруй минут үргэлжлэн явагдаж байх үед талбайн эзэд тооны харьцааг тэнцүүллээ. Никлас Бакстромын дамжуултыг Брүүкс Лэйч хүлээн авч хаалгачын эсрэг ганцаар гарсан боломжоо ашиглан энэхүү гоолыг хийсэн юм. Брүүкс Лэйч энэ тоглолтонд нэг гоол, хоёр оновчтой дамжуулалт өгснөөр багийн шилдгээр тодорсон байна. Харин энэ өдөр Бостонд аз илүү байж, үндэсний хоккейн лигийн хамгийн шилдэг цохигчдын нэг Зено Харагийн цохилт байндаа туссан юм. Ингээд анх удаа нэмэлт цаг сунгаагүй тус тоглолтод Бостон 4:3 харьцаатай хожиж, цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ.  
    

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж