“Саусгоби сэндс”-ийг УИХ-аар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Саусгоби сэндс”-ийг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Д.Ганхуяг гишүүний мэдээлснээр УИХ дахь АН-ын бүлэг Стратегийн ордуудын талаар ажлын хэсэг байгуулжээ. “УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталж, 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн 15 ордыг нэрлэсэн байна. Өнөөдөр тэднээс зөвхөн Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаадын компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Бусад 14 нь улсын төсвөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордууд. Дэлхийд мөрддөг жишгээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол хэрхэн ашиглахаа улс шийддэг. Гэтэл Монголд монгол маягийн арай өөр жишиг тогтлоо. Эрдэнэт, Багануур зэргийг эс тооцвол ордуудын лицензийг мэдээлэлд ойр, эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс авдаг. УИХ-ын 27 дугаар тогтоолын дагуу Төмөртэй, Тавантолгой зэрэг ордыг шийдэх байсан ч тэгээгүй. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Тавантолгойг Оюутолгойтой хамт оруулж ирэх шийдвэр гаргасан ч зөвхөн Ухаахудагийг тасалж эргэлтэд оруулсан. Энд үйл ажиллагаа явуулж буй компани буруугүй. Харин Засгийн газар хууль зөрчиж Ухаахудагийг тасалж өгсөн.

Хайгуулын лиценз өгвөл урьдчилан шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Одоо Дарханы Төмөртэйн ордоос эхлээд зөөгөөд дууслаа. Засгийн газар ордуудад төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар анхаарч, шаардлагатай бол буцааж болно. Стратегийн ордууд дээр төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хэрэгтэй” гэлээ. Гишүүн С.Эрдэнэ “Стратегийн 14 ордын ашиглалтын байдал тодорхойгүй, мэдээлэл өгөөгүй. Салбарын сайдад нь арга хэмжээ авах асуудлыг хэд хэдэн удаа тавьсан ч МАН олонхиороо асуудлыг өөрийн талд шийдэж байсан. Уул уурхайн салбарт үндэсний аж ахуйн нэгжүүд гэхээсээ гадны компаниудыг шүтэж ирсэн нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болсон баримт олон байна. УИХ-ын Тамгын газраас Оюутолгой Монголд хэрэгтэй юу гэсэн судалгаа хийсэн байна. Тэгэхэд Монголд огт ашиггүй гэсэн дүгнэлт гарчээ. Анхны хөрөнгө оруулалтыг нөхмөгц Монголын талын хувь оролцоог 50 хүртэл хувь болгох байсан ч Засгийн газар үүнд анхаарч ажиллаагүй. УИХ-ын гишүүдийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийнхөн Оюутолгойн ашиглалт, хөрөнгө оруулалтын байдалд судалгаа хийхэд Монгол Улсад хохиролтой, алдагдалтай болсон гэсэн дүгнэлт гарсан байна. “Дор хаяж хоёр тэрбум ам.долларын алдагдал Монголын тал хүлээнэ” гэсэн дүгнэлт гарчээ.

Уул уурхайн салбарт үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих ёстой. Сайн муу янз бүрээр хэлэгддэг ч “Энержи ресурс” хөрөнгө оруулалт хийж, Ухаахудаг дээр яаж амжилттай ажиллаж байгаа нь харагдаж байна. Монголын аж ахуйн нэгжүүд ажиллах чадвартай гэдгийг тэд харуулж байна. Анх стратегийн ордод орох магадлалтай 40 гаруй ордыг нэр зааж баталсан. Таван жил өнгөрч байхад нэг ч ордын талаар Засгийн газар танилцуулга хийгээгүй. Стратегийн ордуудыг зүй бусаар ашиглах улс төр, эдийн засгийн бүлэглэл явж байна. Уул уурхай, ашигт малтмалын талаар баримтлах байр сууриа Засгийн газар илэрхийлэлгүй явж ирлээ. Ашигт малтмалын тухай 2006 оны хууль нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гарсан хууль. Одоо гадаадынханд найр тавиад байх шаардлагагүй. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв. Үүний дараа гишүүн Г.Баярсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс 2000 онд 6000 ордын тухай ярьдаг байсан. Тэр нь 63 болсноо 40, сүүлдээ явсаар байгаад 15 болсон. Ард түмний “тогоонд” ортлоо ямар олон орд “гээгдсэнийг” эндээс харж болно. Гадаад орнуудад, тухайлбал, ОХУ, Казахстан зэрэг оронд уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалтын байх ёстой зохистой хувь хэмжээг тогтоож өгсөн байдаг. Эхлээд гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй бодлого явуулж байгаад дараа нөхцөл нь бүрдэхээр үндэсний бодлогоо явуулдаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 27,40, 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна.

“Саусгоби сэндс” компани гэхэд хууль зөрчиж, 28 лицензийг гаднын мэдэлд өгч, хувьцааныхаа 71 гаруй хувийг Хятадын “Чалько” компанид зарахаар болсон байна. Энэ тухай асуудлыг УИХ-аар ярихаар боллоо. Үүнийг 29 хоногт багтааж шийдэх ёстой. Одоогоор бүх лицензийг түдгэлзүүлээд байна. УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар ярихаар боллоо. Асуудлыг тодорхой болгож тогтоож өгөхийг шааардах гэж байна. “Саусгоби сэндс” нь Нарийнсухайт, Гашуунсухайтын сав газраас тасалж авсан компани.

Гадаадын хөрөнгө оруулалтад босго тавих тухай хуулийн төслийг гишүүн С.Бямбацогтын хамт санаачлаад байна. Хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж дэмжээд байгаа. Уул уурхайн ордуудад гадаадын хөрөнгө оруулалтын босгыг 15 хувь гэж тогтоохоор төсөлд тусгасан” гэлээ. 

Гишүүн Д.Ганхуяг “Саусгоби сэндс”-ийг стратегийн ордод оруулж болно. Активыг “Эрдэнэс МGL” дээр төвлөрүүлээд ашиг олж болно. Сонгуулиар өгсөн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхээс нааш Засгийн газар энэ тал дээр хөдлөхгүй байна” гэж байлаа. С.Эрдэнэ гишүүний хэлснээр иргэдэд олгож буй 1072 хувьцааг зөвхөн Тавантолгойгоос олгож байгаа. Бусад орд үүнд хамаараагүй. Бүгдийг оруулбал Монголын ард түмэнд асар их орлогын хуваарилалт хийх боломж бий. Өнөөдөр УИХ-д олонх болсон МАН, Засгийн газарт ард түмэн сонгуулиар хариуцлага тооцох ёстой” гэснээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж