Үнийн шуурга сүйрүүлэхээр айсуй…

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Үнийн шуурга сүйрүүлэхээр айсуй…

Үнийн шуурга сүйрүүлэхээр айсуй…
Сэтгэл гонсойлгомоор тоо баримт бидний өмнө дэлгэгдэж байна. Инфляци жилийн туршид 8 хувьтай байна гэсэн нь эхний гуравхан сарын дотор л биелэгдэж цаашид талийх нь тодорхой болж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотойгоор валютын нийлүүлэлт ихэсч төгрөгийн ханш чангарах нь энэ жилдээ л лөөлөө болжээ. Харин ч эсрэгээрээ мөнгөний ханш унаж эхэллээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ алгуурхан боловч тун хортойгоор нэмэгдэх нь.

Монголбанкнаас ч үүнийг анхаарууллаа. Сангийн сайд харин Оюутолгойн гэрээнээс цааш давж харах сэхэл алга. Одоогийн байдлаар бид 40 гаруй сая малынхаа 7,5 саяыг нь зуданд алдчихлаа. Хаврын адаг сар эхэлсэн ч хавирга нэвт үлээсэн салхи, цас шороотой хавсран шуурсаар л, нүдсээр өдөрт л 100 гаруй мянган толгой мал хорогдож байна. Малын хорогдлыг  лав 10 сая элбэгхэн давна гэж мэргэжлийн хүмүүс сануулах. Тэгвэл цаг уурчдын мэдээлж байгаагаар зундаа олон жилийн дунджаас 2-5 хэм дулаан байх нь. Тэдний хэлсэн үнэн бол зун гантай байна гэсэн үг. Ингэхээр газрын гарц муудна. Самнах ноолуургүй болтлоо малаа тавиад туусан малчид идэх махгүй, дээр нь сааль сүүгүй зуссаар намартай золгох нь. Үүний уршигаар махны үнэ тэнгэрт хадна. Тариаланчдыг ч тааруухан мэдээ угтах нь. Ургац тааруухан авах төлөвтэй. Товчхондоо хүнсний ногоо, сүү, махны нийлүүлэлт эрс муудах нь.
Хохирлыг төлөөрөө давах гэсэн малчид үнэндээ нэг байтугай ойрын хэдэн жилдээ мах нийлүүлж чадахгүй л болов уу. Үнэ өсөх нь. Иргэдийн халаас хоосорч, хоолоо ч авч дийлэхгүй болж магадгүй байна. Хэдэн ч удаа 70 мянга тараагаад иргэдийн амьжиргаа сэхэл авах нь юу л бол. Даарин дээр давс гэгчээр эх орны хишиг гээчийг тарааснаар төгрөг цаас болж эдийн засгийн чадавхи сулран сэхэл мөхлийн өмнө тулж ирэх нь. Ямар муу амтай юм бэ гэж үү. Гэхдээ л бидний ойрын ирээдүйн бодит байдлын талаарх дүр зураг ингэж л харагдлаж байна.
Эдийн засаг хүчирхэгжиж, хөгжлийнхөө үсрэнгүй замд орлоо гэх гүйцэтгэх засаглалынхнын бурангүй лоозон, бодлогогүй алхмууд ганцхан өвлийн зудтай нийлээд эдийн засгийг ганхуулахад хүргэлээ. Макро эдийн засгийн тухай бурсаар суутал угаас микро эдийн засагтай бид сүйрэхэд тулж иргэдийн хэтэвч нимгэрлээ. Төрийн том толгойг сульдсан иргэдийн туниа муутай хөл дийлж өндийхгүй сөхөрч эхэллээ.
Энэ бүхний эсрэг манай дарга нар мах орлуулагчийг нийлүүлэх бодлого барих тухай ярьж эхэллээ. Татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийж, иргэдийн мөнгийг гадаад руу урсгах нь л дээ.
Эх орны хишиг ч эдийн засагт дэм бус дарамт боллоо. 70-хан мянган төгрөг тараахад энэ эдийн засгийн үзүүлэлтүүд юу болж хувирав. Судалгаагаар инфляци хоёр оронтой тоонд дөхөж байгаа сурагтай. Цаашдаа ч голлох нөлөөг энэ бэлэн мөнгөний тараалт үзүүлнэ гэж экспертүүд дүгнэж байна.
Энэхүү өссөн инфляцийг улам хөөргөх дараагийн заналхийлэл аравдугаар сард биелэлээ олно. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг аравдугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нэмэгдлийг нэмэхэд улсын төсвөөс 78 тэрбум төгрөг шаардлагатай. Үр дүн нь инфляци ахиад тодорхой хувиар нэмэгдэнэ. Эдийн засагчид ч үүнийг анхааруулсаар байна. Цалингийн нэмэгдэл бодит нэмэгдэл болж очихгүй нь нэгэнтэй тодорхой боллоо.
Гайгаар нь хувийн хэвшлийнхэн хохирогч болж эцэстээ хүнд цохилтод орж, босохын аргагүйгээр унах нь. Цалингаа нэмэгдүүлж чадахгүй тэд ажилчдынхаа орон тоог цомхотгох нь тодорхой. Төрийн албыг бодвол зах зээлийн алтан зарчмын дагуу дээд зэргийн хэмнэлттэйгээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн тэр жишигт тааруулж ажилтан ажиллагсдынхаа цалин хөлсийг 30 хувиар нэмэх гэхээр олж байгаа ашиг орлого нь эрс хумигдаад ирнэ. Цомхотгоё гэхээр хамгийн цомхон, чадварлаг, үр бүтээмжтэй баг ажиллаж байдаг. Хэн нь ч хэнийгээ орлохын аргагүй хөдөлмөрийн нарийн хуваарьтай ийм л баг 30 хувь цалин нэмэх Засгийн шийдвэрээр чадавхигүй болж доройтох аюул нүүрлэнэ.
Ацан шалаанд орсон ажил олгогч цалингаа тааруулж нэмэхийн тулд нүдээ аниад л нэг хэсэг хүмүүсээ цомхотгоно. Ажилгүйдэл тэр хэрээр өсөөд явчихна.
Эцсийн бүлэгт эндээс баялагийг хэн бүтээж байгаа билээ. Хэний өгсөн мөнгөөр төсөв бүрдэж, төрийн албаныханг тансаглуулж байна вэ гэх асуулт гарч ирнэ.
Хийж бүтээж байгаа нь ад үзэгдээд хийдэггүй нэг нь тооноор тольдогч сүүлт од мэт амар амгалан сууснаа гэнэт “цалингаа нэм” гэж орилоход уулгамч эхнэр шиг сандарахдаа “нэмье” гээд нэмж байдаг тэд ер нь хэн бэ?
Монголын 2,7 сая хүнээс 144 мянга нь төрийн албан хаагчид. Ахадсан тоо биш гэж үү. Төрийн албан хаагчийн сул орон тоог үгүй хийх замаар цалинг нэмж яагаад болохгүй гэж.
Монголд өнөөдөр хамгийн өндөр хангамж эдлэж байгаа хүмүүс бол 144 мянган төрийн албан хаагчид. Хүүхэд нь сургуульд сурна. Төр даана. Орон сууцтай барина. Төр хөнгөлөөд албан хаагчид нь орно. Зээл тусламж ирнэ. Тэдний гарын салаагаар урсана. Нэг ч баялаг бүтээдэггүй эдгээр хүмүүст ийм л эрх ямба, халамж, хангамж эдлүүлдэг. Тэд талх исгэхгүй, тариа хураахгүй, байшин барихгүй, эрдэнэс олборлохгүй, хивс нэхэхгүй, хүнс нийлүүлэхгүй, зам засахгүй…
Ингээд тоочвол үгүйгийн ёроолгүй уутыг тэднээс дүүргэж болно. Тэгсэн хэрнээ тэд Монголын нийт ажиллах хүчний дөрөвний нэг. Дөрөвний гуравын бүтээсэн баялагийг дөрөвний нэг нь үгүйрүүлж байна. 140,150 мянгаараа тоологдох ийм олон төсөв “залгигчид” хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу.
Нийгмийн харилцааг зохицуулж байдаг хууль хяналтынхан, цэрэг, дипломат, шүүгчид, цагдаа, шоронгийн хуяг гээд улс оронд менежмент хийгчид л хэрэгтэй. Төрийн албаныханг цомхотгох тухай яриа дэлгэхээр ажлын бүтээмж муудаж, хүнд суртал, хээл хахууль нэмэгддэг гэж мэдэмхийрэх олон хүн бий. Тэдэнд хэлэхэд, дуугүй тэжээлгэж чадахгүй бол хувийн хэвшлийнхэнд эрхээ шилжүүлээд зайгаа тавьж өг. Ингэж чадвал төрийн албаны үйлчилгээ сайжирна гэж мөрийцсөн ч болно. Муу ажиллавал өөрөө л хоолгүй болох учраас хувийн хэвшлийнхэн дотоод нөөцөө ашиглана. Төрийн албаны гурван мэргэжилтэн хийдэг ажлыг нэг нь л чадварлаг хийгээд явчихна. Төр харин хяналтаа л тавина. Түүнээс данхайсан энэ бүтцээрээ хувийн хэвшлийнхнийг мөлжөөд өөрсдөө ч дээшээ гарахгүй өрөөлийг ч татаж унагадаг тамын тогоогоороо дээрэмдээд л байвал цааш явахгүй. Зуун ямаанд жаран ухна гэгчээр нэг яаманд хоёр сайд, нэг даргад дөрвөн орлогчийн хэрэг байна уу.
Төр бүтцээ цомхон, чадварлаг, мэдлэг боловсролтой болгох хэрэгтэй байна. Үүнээс болж эдийн засгаа үе үе цалин нэмэх нэрийдлээр сандаачаад байвал хэдэн ч Оюутолгой, Тавантолгой байгаад хөгжинө гэдэг мянгуужингийн үлгэр болно. Угаас далайн гүн рүү живж буй инфляцийг татаж гаргахын тулд усанд давс асгаад нэмэргүйг даанч сэхээрэхгүй улс юм даа, манай дарга нар.

Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж