Ядуурлаас гарсан өрхүүдийн нэр, хаяг хуурамч

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Ядуурлаас гарсан өрхүүдийн нэр, хаяг хуурамч

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонссон юм. Гэхдээ энэхүү ажлын хэсгийн дүгнэлттэй УИХ-ын гишүүн П.Алтангэрэл санал нэгдэхгүй гэдгээ хэлсэн.

Засгийн газраас өнгөрсөн жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Ингэснээр 70 мянга гаруй тогтмол ажлын байр шинээр бий болж, 604 өрх ядуурлаас гарсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Харин эрхэм гишүүн тогтмол ажлын байртай болсон хүмүүсийн НДШ төлсөн байдлыг 12 хүн дээр шалгаад үзэхэд хоёр хүнийх нь шимтгэл огт төлөгдөөгүй, бусдынх нь гурав, дөрвөн сарынх нь НДШ төлөгдсөн байсан гэнэ. Энэ тохиолдолд тогтмол ажлын байраар хангажээ гэж үзэхэд өрөөсгөл. Нөгөө талдаа ажлын байр бий болгож иргэдийг амьдралаа аваад явах боломж нөхцлөөр хангахын тулд УИХ-аас их хэмжээний хөрөнгө баталж өгдөг ч хэрэгжилтийн шатанд энэ мэтээр дампуурал гарч буйг юу гэж ойлгох болж байна вэ хэмээн эрхэм гишүүн шүүмжилсэн юм. Мөн түүний хэлснээр 604 өрх ядуурлаас гарлаа гэж байсан ч тэрхүү нэрсийн жагсаалтынх нь дагуу тулгаж үзэхээр тийм нэр ч байдаггүй, бас хаяг ч байдаггүй аж. Түүнчлэн ажлын байр бий болгож урамшуулал хүртсэн газруудыг харахаар ихэнх нь төрийн байгууллага, эс бөгөөс Хятадын хөрөнгө оруулалттай компани байдаг гэнэ. Шалгалт хийхэд 54 компаниас 31 нь төрийн байгууллага байсан аж. Үүн дотроо шүүх, прокурор, тэр байтугай хөдөлмөр халамжийн хэлтэс нь хүртэл өөрөө ажлын байр бий болгосон гэх нэрээр урамшуулал хүртсэн байх жишээтэй. Уг нь бол төрийн байгууллагуудын төсөв мөнгийг нь жил бүр УИХ-аас баталж өгдөг байтал дээр нь нэмээд энэ мэтээр урамшуулал хүртээд байх нь хэр зохистой вэ гэдэг асуудал ийнхүү тавигдсан юм. Харин ажлын хэсгийн ахлагчийн тайлбараар бол шинээр батлагдсан Халамжийн тухай хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээрээ ямар байгаа, мөн иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд дээрх ажлыг гардаж буй төрийн албан хаагчдын хувьд ямар бэрхшээл байна вэ гэх зэргийг голчлон авч үзсэнээс биш, энэ мэт асуудлыг ухаж үзээгүй гэдэг тайлбар хийсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж