“М.Ичинноровыг эсэргүүцэж байсан эмэгтэйчүүдийн маань зөв байжээ”

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“М.Ичинноровыг эсэргүүцэж байсан эмэгтэйчүүдийн маань зөв байжээ”

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал-МЭХ-ны  Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Одгэрэлтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Танай холбооны  нэг гишүүн   М.Ичинноров намаасаа гарснаа мэдэгдсэн. Ингэхдээ өөрөө Удирдах зөвлөлд нь ажилладаг  эмэгтэйчүүдийн холбооны тухай ч элдэв сөрөг зүйл ярьж байгаа. Энэ талаар холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ямар нэг тайлбар хэлэх үү?

-Монгол Ардын Намын дэргэдэх  Нийгмийн ардчилал МЭХ  ээлжит бус  V  чуулганаараа бүтэц бүрэдэхүүнээ шинэчилж, холбооны ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Бага хурлыг шинээр сонгон байгуулсан. Тэр үед М.Ичинноров Удирдах зөвлөлийн 29 гишүүний нэгээр сонгогдсон. Улмаар холбооны ерөнхийлөгч Д.Оюунхоролын саналаар дэд ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэн юм.  Гэвч Бага хурлын олон гишүүдийн эрс эсэргүүцэлтэй тулгарч, өөрөө аргагүйн эрхэнд нэрээ татаж байсныг эмэгтэйчүүд маань мартаагүй байх. Мэдлэг, боловсролтой залуу хүн манай намыг сонгоод ороод ирлээ, аль болох дэмжээд явъя гэсэн бодлоор холбооны ерөнхийлөгч маань ч, бид ч маш сайхнаар хүлээж авсан. Гэвч өнөөдөр гаргаж байгаа авир араншин, хэлж байгаа үгийг нь сонсоод тэр үед түүнийг эсэргүүцэж байсан эмэгтэйчүүдийн маань зөв байжээ гэж бодогдож байна. Эмэгтэйчүүдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог дэмжих нийгмийн хандлага хүчтэй байгаа энэ  үед бид өөрсдөө ухаалаг, эв нэгдэлтэй, бие биеэ дэмжиж ажиллах ёстой. Нийгмийн ардчилал-МЭХ-ны удирдлага ч үйл ажиллагаагаа үүнд чиглүүлж байна. Харин М.Ичинноровын үйлдэл, үйл ажиллагаа манай холбооны зорилго чиглэл, үйл ажиллагаанаас өөр юм байна гэдгийг харлаа. Хувь хүн өөрөө ямар сонголт хийх нь тэр хүний хэрэг. Гэхдээ өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө нийтийн эрх ашиг руу ингэж ус  цацаж болохгүй.

-Нийгмийн ардчилал-МЭХ идэвхтэн сонгуультнуудынхаа үйл ажиллагааг мөнгөөр үнэлж, дүгнэдэг гэж ярьсан. Үнэхээр ийм явдал болсон уу?

-Монгол Ардын Намд үзэл бодлоороо нэгдсэн гэж сүр дуулиантай зарлан тунхаглаж   намын гишүүн болчихоод дараа нь ингэж ярьж байгаа нь харамсалтай л байна.    Үнэхээр манай нам, эмэгтэйчүүдийн холбоо  хөрөнгө мөнгөөр  хэн нэгнийг үнэлж цэгнэдэг, албан тушаалд томилдог байсан бол жирийн нэг багш эмэгтэй надад Нийгмийн ардчилал- МЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга  болох боломж олдохгүй  л байсан байх л даа. Харин Удирдах зөвлөлийн  гишүүдийн үйл ажиллагааг  үнэлэх тухайд холбоо өөрийн дотоод журамтай. Түүнийхээ дагуу л үйл ажиллагаагаа үнэлдэг. Энэ журмыг хэлэлцэж баталсан хүний хувьд иймэрхүү яриа ямар зорилготой нь тодорхой шүү дээ.

-Ямар тодорхой зорилго байж болно гэж…?

-Бусдын хийсэн бүхнийг баллуурдаж өөрийгөө тодотгох  гэсэн оролдлого нь улстөрд хувийн ашиг сонирхлоор л тайлбарлагдана шүү дээ. Ер нь улстөрийн нам сольсон иймэрхүү хүмүүс  хаана ч  байсаар ирсэн.   Ийм үйл явц ихэнхдээ улстөрийн сонгуулийн өмнө тохиолддог. Тэд  аль улсад,  ямар үзэл баримтлалтайгаасаа үл хамааран     шударга ёсны дуу хоолой болох гэж байгаагаа тайлбарлан ийм алхам хийдэг. Үүнд гайхаж хачирхаад байх ч зүйлгүй.

-Нийгмийн ардчилал-МЭХ дүрэм, журмаараа л татвар авдаг биз дээ.Эсвэл дааж төлөхгүй их татвар мөнгө зарим нэг хүнээс нэхсэн юм уу, жишээ нь М.Ичинноровоос…?

-Нийгмийн ардчилал-МЭХ  бол идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар санхүүжилтээ бүрдүүлж, тайлангаа гаргаж, татвараа төлдөг. УЗ-ийн гишүүддээ болон татварын байгууллагад санхүүгийнхээ тайланг ил тод гаргаж мэдээлдэг. Нийгмийн Ардчилал МЭХ- нь эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалсан олон арга хэмжээг зохион байгуулж ирсэний нэг жишээ нь эх орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 эмэгтэйн форум байсан. Энэ том арга хэмжээг хандивын хүлээн авалт хийж хөрөнгө босгож зохион байгуулсан.  Мэдээж тэр олон хүний   замын зардал, байрлуулах буудал, хоол гэх мэтэд их мөнгө шаардагдана.  Тухайн үед  бизнес эрхэлдэг  зарим гишүүд  маань сэтгэлээсээ хангалттай тусалж дэмжсэнд   баярлаж явдаг. Нийгмийн Ардчилал МЭХ-ны УЗ-ийн гишүүдийн үйл ажиллагааг оролцоогоор нь, МАН-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан ажлаар нь, нийт эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хуваарилагдсан аймаг, дүүрэг, нийслэлдээ хэрхэн хамгаалж ажиллаж байгаагаар нь  ил тод дүгнэдэг юм. Гишүүдээсээ төлж дийлэхгүй хандив татвар шаардах боломжгүй. Манай Удирдах зөвлөлийн  гишүүдийн дунд     хариуцсан ажлаараа тооцуулж татвар, хураамжаа төлдөг хүмүүс ч бий. Хүнийг унасан машин, утасны дугаар,   өндөр төлбөртэй гадаадын сургуулийн дипломоор нь үнэлдэг тийм зарчим манай холбоонд огт байхгүй гэдгийг бардам хэлэх байна. Харин тэр бүхнээ үнэлүүлэхийг  хүсээд амжилт олоогүй хүмүүс байдаг байж болох  юм.

-М.Ичинноровыг өөрийнх нь хүсэлтээр Ардын намаас гарсанд тооцсон байна. Ингэснээр  холбооны гишүүнээс ч мөн гарсанд тооцогдох уу?  

-Нийгмийн ардчилал-МЭХ-ны гишүүн нь Монгол Ардын Намын  гишүүн байна гэсэн дүрмийн заалт бий.  Манай  Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор М.Ичинноровыг  гишүүнээс хасах тухай шийдвэр гарна.

-Ардчилалгүй  намд орсон учраас  сэтгэлээр унасан гэж ярьсан байсан. Залуу хүний хувьд чамд М.Ичинноровын ярьсан шиг зүйл мэдрэгддэг үү?

-Гарааны шугам нь хэний ч өмнө тэгш байх боломж бол  ардчилал гэсэн    бат суусан ойлголт надад байдаг. Харин тэр гараанаас хэн чадвартай нь түрүүлж барианд орно. Шударгаар өрсөлдөх боломжийг   бүрдүүлж өгөх нь төрийн үүрэг. Манай нам ч тийм л зарчимтай. Уралдаанд түрүүлэхгүйгээ мэдээд замын дундаас буцаж, булхайтай уралдаан боллоо гэж хэлээд явах нь ичгүүртэй хэрэг. Үзэл бодлын үнэ цэнэгүй, улстөрийн намыг өөрийн зорилгодоо хүрэх арга хэрэгслээ болгодог, зорилгодоо хүрэхгүй бол урваж шарвадаг иймэрхүү дүр төрхийг эмэгтэй хүн нийгэмд харуулж  байгаад харамсаж байна.  Тиймээс М.Ичинноровын энэ үйлдэл  жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэж хичээж зүтгэсэн бүх үеийн эмэгтэйчүүдийн амжилтыг үгүйсгэж,  эмэгтэйчүүдийн талаархи  нийгмийн хандлагыг өөрчлөхгүй байгаасай л гэж хүсэх байна.

Эх сурвалж: www.unen.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж