“Эдийн засгийн хувьсгал” Увс аймагт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Эдийн засгийн хувьсгал” Увс аймагт боллоо

Хүндээ чиглэсэн бодлогыг хот төлөвлөлтдөө хэрхэн шингээж, үр дүнд хүрч болох вэ. Энэ асуудлыг Увс аймгийн АН-ынхан ҮЗХ-ны гишүүдээрээ удаа дараа хэлэлцэн томоохон төлөвлөгөө боловсруулан гаргажээ. Увс аймагт саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн хувьсгал” хэлэлцүүлгээр тэд энэ асуудлаа хөндөн ярилцлаа.Орон нутгийн иргэдийн гаргаж ирсэн асуудалд гарц, шийдэл хайсан дээрх хэлэлцүүлэгт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү, О.Сайнбуян, Д.Бат-Амгалан нар оролцсон юм.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Увс аймгийнхан төвөөс хараат, даргын эрхэт ёсонд амьдрах биш, эдийн засгийн бүтцэдээ тулгуурлан хөгжиж нутагтаа сайхан амьдрах цаг болсон” гэдгийг энэ үеэр онцоллоо. Тэрбээр “Ардчилсан нам сум гэж жижгэрч түгжигдсэн орон нутгийн 330 даргын амьдралыг өөрчилж, иргэдийнх нь амьдралд хэрэг болох 330 компанийг бий болгох ёстой. Баруун гурван аймаг мал аж ахуй, уул уурхайгаараа хөгжих суурь бүтэц байгаа” гэдгийг хөндсөн байна. 

Аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн “Хот төлөвлөлт гэдэг бол хүмүүсийн амьдрал. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг сайхан амьдруулахын тулд дулаан, ус хангамж, эрчим хүч, нийтийн тээвэр, орчин нөхцөл ямар байх ёстой вэ гэдэг асуудал. Тийм учраас бид нарийвчлан авч үзсэн. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа янз берийн давхаргын хүмүүст тохирсон бүтээн байгуулалтыг бодлогоор хийх ёстой. Гэхдээ энэ нь шууд орон сууц бариад хүмүүсийг оруулж өгнө гэсэн үг биш. Ийм зүйл зах зээлийн нийгэмд байдаггүй, үр дүн ч муутай. Тийм учраас хашаатайд нь ус, дулааны шугам хүргэж өгдөг, газаргүйд нь тодорхой төлөвлөлтөөр зохицуулж барьсан хашааг өгдөг, хауст амьдрахыг хүссэнд нь тодорхой шийдлийг гаргаж өгөх зэргээр Улаангомд ерөнхий төлөвлөлтийг зөв хийчихвэл манайхан өөрсдөө ажилсаг хүмүүс учраас Улаангом хот өөрөө босоод ирнэ” гэж байв.

АН-ын зөвлөлдөх зөвлөлийн гишүүн н.Ганбат Улаангомд Сүхбаатар аймагтай адил төлөвлөлт хийж хөгжүүлэх боломж байгааг ярьж байлаа. Хэвшмэл ойлголтоор асуудалд хандахгүйгээр моргейжийг хэрэгжүүлж, тухайн хүний орлогод нь тохирсон бүтээн байгуулалт хийх шаардлагатайг хөндөж байлаа. Түүний жишээ нь Сүхбаатар аймагт хэрэгжүүлсэн бодлого аж. Сүхбаатар аймагт нэгдсэн зохион байгуулалттай барьсан жорлон бүхий хашаа 1.2 сая, хаус барьж болохуйц дэд бүтэцтэй газар 3.5 сая, халуун, хүйтэн устай нэг өрөө байр 10.5 сая төгрөгийн үнэтэйгээр зохион байгуулсан аж. Тиймээс Увс аймгийнхаа Улаангомд наад зах нь ийм төлөвлөлт хийвэл иргэдийн амьдралд нэмэр болоод зогсохгүй хот төлөвлөлт зөв болох юм гэж иргэд үзэж байна. 

Энэ бүхний үр дүнд хүний амьдрах орчин тав тухтай болно. Өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний даац хэтэрч байгаа тул сургууль, цэцэрлэг, эмнэлгийг нэмэгдүүлбэл алслагдмал ч гэсэн Увсдаа сайхан амьдрах боломж байгааг аймгийн АН-ын ХЭГ-ын дарга Д.Тогтохбаяр тодорхой судалгаатай хөндөн ярив.

Мөн аймгийн ИТХ-ын дарга Ганбаатар, АН-ын ҮЗХ-ны гишүүн О.Сайнбуян нар Увс аймагт аль чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлбэл илүү үр дүнд хүрэх, зах зээлийг нь хэрхэн бий болгох талаар ярьж байлаа. Энэ бүхэнд хүрэхийн тулд увсчуудад эдийн засгийн эрх чөлөөг олгох буюу улстөрийн системийг өөрчлөх нь чухал болохыг АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү ярьж байв.

Ямартай ч Увс аймгийн АН-ынхан цоо шинэ төлөвлөлттэй Улаангом хотыг бий болгохоор хүндээ чиглэсэн бодлого бүхий хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн нь “Эдийн засгийн хувьсгал” хэлэлцүүлгээр тодорхой харагдаж байсан юм.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж