Энэ хүрээнд хуш модон ойг хамгаалах, самрын зохист хэрэглээг хянаж, зохицуулахын тулд зөвлөл байгуулахаар болсон ба одоогоор шалгахаар хураагаад байгаа 100 гаруй тонн самрыг хөгцөрч муудаж, болон урдын адил устгал нэрээр худалдан борлуулахаас сэргийлэхийн тулд микробиологийн дүгнэлт гаргуулах гэнэ. Түүнчлэн эрх зүйн орчны тухайд, ойн шинэчлэн баталж байгаа хуулийн 29.1.1 ба бусад заалтуудад хуш модны асуудлыг яаралтай тусгах тухай саналыг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд холбогдох яам, агентлагт хүргүүлэх ажээ.
Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1,8 хувь буюу 683,9 мянган га талбай бүхий хушин ой нь Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна.