Японоос есөн мянган тн цагаан будаа авна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Японоос есөн мянган тн цагаан будаа авна

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд тооцогддог цагаан будааны үнэ 1800, элсэн чихрийнх 2000 төгрөгийн босго хүрлээ. Гадаад улс орноос 100 хувь хараат дээрх хүнсний бүтээгдэхүүний импорт багассан нь үнэ өсөх шалтгаан болсон байна.
Монгол Улс 2008 онд 27,9 мянган тонн цагаан будаа импортолж байсан бол дараа жил нь буюу 2009 онд 18,9 мянга болон буурчээ. Импортын будааны дийлэнх хувийг буюу 99,1 хувийг өмнө хөршөөс хувь хүмүүс оруулж ирдэг. Харин үлдсэн жаахан хэсгийг Вьетнам, Японоос оруулж ирдэг ажээ. Гэвч гол импортлогч орон БНХАУ оны дараахнаас цагаан будааны экспортдоо квот тогтоож нэг хүн өөрийнхөө хэрэглээнд зориулан нэг шуудайг гаалиар гаргах тухай шийд гаргасан. Энэ үнэ өсөхөд бас нөлөөлсөн байж болзошгүй байна.  Ер нь Монголд цагаан будааны нийлүүлэлт багасахад үнэ өсчихдөг гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Харин цаашид яах вол? Холбогдох яамны мэргэжилтнээс тодруулахад, ойрын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Япон улсаас 9 000 тн цагаан будаа оруулж ирэхээр ярилцаж байгаа таатай мэдээ дуулгасан. Энэ ажлын явц одоогийн байдлаар Японд тендер зарласан байгаа гэнэ. Түүнчлэн татварыг нь хөнгөлөх эсвэл тэглэх асуудлыг судалж эхэлсэн байна.
Мөн элсэн чихрийн нийлүүлэлт муу байгаа нь үнэ өсөх шалтгаан болсон гэнэ. Манай улсын жилийн элсэн чихрийн хэрэгцээ 26,3 мянга гэсэн албаны тоо байдаг. Үүний 82 орчим хувийг Тайландаас импортолдог аж. Яамны зүгээс цагаан будаанаас гадна элсэн чихрийн импортлох татварын таатай орчныг бүрдүүлэх талаар мөн судалж байгаа ажээ.  
Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж