Хүүхэд хулгайлсан гэлэнмаа шүүхийн хаалга татав

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Хүүхэд хулгайлсан гэлэнмаа шүүхийн хаалга татав

Хүүхэд хулгайлсан гэлэнмаагийн хэрэг Испанид хэдэн зуун хүүхдийг хулгайлсан асар том сүлжээ одоо ч байсаар байгааг илчилжээ. Испани даяар шуугиан дэгдээж буй энэ хэргийн гол сэжигтэн болох гэлэнмааг шүүхэд очиход хилэгнэсэн иргэд түүн рүү “Чи яаж чадаж байна аа?“, “Ичих нүүргүй” хэмээн хашгирч байжээ. Гэлэнмаа Мария Гомез Валбуэнаг өнгөрсөн пүрэв гаригт шүүхэд дуудсан юм. Испанид 1950-1980 оны сүүлээр 1500 гаруй хүүхдийг төрсөн даруйд нь хулгайлж, өөр айлд өргүүлсэн гэдэг албан бус тоо баримт байдаг. Гэвч хүүхэд хулгайлсан хэргийн буруутнаар баривчлагдсан эхний хүн нь гэлэнмаа аж. Шүүх хурлын үеэр гэлэнмаа ганц үг хэлээгүй гэнэ. Шүүх хурлын дараа хохирогчдын ар гэрийн холбоо, Испанийн Засгийн газрын төлөөлөгчид шуугиан тарьж буй дээрх хэрэгт мөрдөн байцаалт явуулж, хулгайлагдсан хүүхдүүдийг гэр бүлтэй нь уулзуулж, буруутай этгээдүүдэд шийтгэл оноохоо мэдэгджээ. Хүүхдээ алдсан эхчүүдийн дийлэнх нь ганц бие, эсвэл эрүүл саруул хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд байдаг аж. Хамгийн хачирхалтай нь гэлэнмааг гэртээ хүүхэд асрагчаар авсны дараа хүүхэд зуурдаар нас барсан тохиолдол олон гарч байжээ. Испанийн зарим гэр бүл хүүхэд өргөж авахад асар мөнгө төлдөг байсан нь  хүүхэд хулгайлах нууц сүлжээ бий болоход хүргэсэн аж. Нөгөө талаар өндөр ёс суртахуунтай, шүтлэгтэй гэр бүлд хүүхэд хүмүүжих ёстой гэдэгт хатуу итгэдэг гэлэнмаа нарын итгэл үнэмшил үүнд нөлөөлсөн талаар Исланийн хэвлэлүүд бичжээ. Одоогоос нэг жилийн өмнө  хүүхдээ үхсэн гэж итгэж явсан зургаан эх ДНХ-ийн шинжилгээгээр хүүхдээ олж авсан хэрэг олны анхаарлыг татаж эхэлжээ. Энэ хэргийн дараа нас барсан гэх тэдгээр хүүхдүүдэд нас барсныг батлах бичиг байхгүй,  авс нь хоосон байсныг тогтоосон байна. Испанийн шүүхэд хүүхэд хулгайлсан гэх олон хэрэгтэй холбоотой гомдол очсон ч нотлох баримтгүй гэдэг шалтгаанаар хэргүүд хаагдаж байжээ. Хүүхэд хулгайлсан хэргийн эхний сэжигтэнг барьснаар хохирогч эцэг эхчүүд алга болсон хүүхдийнх нь сураг гарна гэж найдвар тээж байгаа гэнэ. Гэлэнмаа Мариягийн хулгайлсан охиныг ээж нь ДНХ-н шинжилгээгээр олж авчээ. Мария Луис Торрез гэгч бүсгүй 1982 онд өөр хүнээс жирэмсэн болж нөхрөөсөө салсан байжээ. Хэцүү нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүдэд тусалдаг Санта Кристина эмнэлгийн талаар сонссон Торрез Мария гэлэнмаатай танилцжээ. Бүсгүйг тус эмнэлэгт амаржсаны дараа гэлэнмаа түүнд хүүхдийг өөр айлд өргүүлсэн гэж хэлжээ. Мария гэлэнмаа бүсгүйг энэ талаар цагдаад мэдэгдвэл өөрт нь муу юм болно гэж сүрдүүлэхээ ч мартсангүй. Өнгөрсөн баасан гаригт охиныг өргөж авсан эцэг эх нь ДНХ-н шинжилгээ өгчээ. Тэд Мария гэлэнмаад хүүхэд олж өгсөнд харамгүй шан өгсөн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн гэнэ. Мария гэлэнмаа хүүхэдтэй болохын хүслэн болсон залуу хосод боломжийн санал гаргасан аж. Охиныг өргөж авсан эх мэдүүлэг өгөхдөө “Мария гэлэнмаа маш хатуу сэтгэлтэй эмэгтэй байсныг би санаж байна. Гэхдээ бидэнд охиныг маань авчирч өгсөнд үргэлж талархаж явдаг” гэж ярьжээ. Харин Мария гэлэнмаа шүүх хурал дээр хүүхдийг төрсөн эхээс нь салгах нь байж болохгүй зүйл гэж мэдэгдсэн гэнэ. Олон зуун хүүхдийн хувь заяатай холбоотой дээрх хэргээс болж Испаничууд ДНХ шинжилгээ хийлгэхээр яарч байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж