
Улс төрийн тавцнаа Ц.Нямдорж сайдын эсрэг эвсэл байгуулагдав. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан биш, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах үймээн Төрийн ордонд дахин дэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Төрийн өндөр алба хашаад баяжсан нь би юм бол чи ч мөн адил. Тиймээс хууль хяналтын байгууллагад хамтдаа шалгуулъя” гэсэн “урилга”-ыг Ц.Нямдоржид илгээж байсан. Харин сайд “Н.Энхбаяр “Өргөө” зочид буудал, хэвлэх үйлдвэрийг хууль бусаар хувьчлан авсан” хэмээн хэвлэлээр заргалдсан. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд тун удалгүй шинэ партнёртой болов. Тэр бол “Женко” Х.Баттулга. Хамтарсан Засгийн газрын хаалттай хаалганы цаана үе, үе дуугаа өндөрсгөцгөөдөг байсан тэд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн нээж орхисон хаалгаар гарч ирмэгцээ олны өмнө улаан нүүрээрээ тулцгаав. Х.Баттулга гишүүн “Төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд хамгийн их саад болсон хүн бол Ц.Нямдорж” хэмээн мэдэгдмэгц Ц.Нямдорж сайд “Х.Баттулга Орос, Хятадтай харилцах харилцаанд сэв суулгасан. Өмнөд Солонгос, Хятадын хамтарсан “Мон Корей” групптэй төмөр зам барих тухай нууц гэрээ байгуулсан” гэж хариу барьсан юм. Ц.Нямдорж сайд ийнхүү улс төрийн тавцан дахь хоёр том “арслан”-тай ээлжлэн тулалдсан удаатай. Н.Энхбаяр, Х.Баттулга хоёр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эсрэг хүч тэнцвэргүй тулаанд орсон ч Ц.Нямдорж “Тэд миний эсрэг барьж зогсох баримт олох гэж үйлээ үзэж байх шиг байна. Өөрсдийнх нь хүссэнчлэн ноцтой баримт олдохгүй болохоор бачуурч, намайг доромжилж эхэллээ. “Ц.Нямдорж хөлсний байранд амьдардаг” гэж хоёулаа ээлжлээд л яриад байх юм. Гэлээ гээд Н.Энхбаяр, Х.Баттулга хоёр юу ч олж чадахгүй” хэмээн доогтойхон ярьж байсан. Харин одоо Ц.Нямдорж шинэ дайснуудтай боллоо. Хамгийн сонирхолтой нь тэд экс Ерөнхийлөгч тэргүүтэй улс төрийн холбооныхон биш, тэр тусмаа “Женко” Х.Баттулгын удирддаг МоАХ фракцийнхан бүр ч биш юм. Тэд бол УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай шаардлагаа өчигдөр хүргүүлэв. Энэхүү шаардлагад “Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцдаа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартаж, Үндсэн хуулийг ноцтой зөрчин УИХ-ын бүрэн эрх, УИХ-ын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт үйлдэл өдөөсөн. Энэ үйлдлийн улс төр, ёс зүйн хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой” гэж дурьджээ. Ардын нам дахь Н.Энхбаярын холбоотнууд ийнхүү сайдыг огцруулах аян дайн зарлалаа. Тэд яг одоо Ц.Шинэбаяртай нийлээд наймуулаа байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 27 гишүүн тэдэнтэй нэгдвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хангалттай хүч болох юм. Ц.Нямдорж сайдын хувьд, УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөх жил буюу 2007 оны зургаадугаар сарын 14-нд спикерийн албан тушаалаас огцорч байсан. Үндсэн хуулийн Цэц түүнийг “УИХ-аас баталсан зарим хуулийн үг, үсэгт засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн. Хариуд нь Ц.Нямдорж чуулганы индрээс “Л.Гүндалай гишүүн 2003 онд намайг “Хятадын тагнуул” гэж зарлах үед энэ хэрэгт холбоотой хоёр хүн зугтаж, хоёр сар алга болсон ч П.Очирбат гэдэг хүний хүргэний гэрээс олдсон юм. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ашиг сонирхлын зөрчилтэй П.Очирбат гэдэг хүн оролцон гаргаж байгаа. УИХ-ыг тал, талаас нь боорлон дайрч, хийсэн болгоныг нь хараар будан шийдвэрүүдийг нь Үндсэн хууль зөрчөөгүй байсан ч зөрчсөн хэмээн лүндэгнэж, бүр онц бүрэн эрхэд нь халдах замаар засаглалын хэлбэрийг солих улс төрийн башир үйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ нь хэрэг дээрээ Монголын ардчиллыг нухчин дарж, улс орныг нэг хүн, түүнийг тойрсон бүлэглэлийн эрхшээлд оруулах оролдлого яах аргагүй мөн” хэмээн мэдэгдэж, “Намайг огцруулах захиалгыг Н.Энхбаяр өгсөн” хэмээн онцолж байв. Ц.Нямдорж УИХ-ын даргаас огцрох үед Сэлэнгэ аймагт Ми-8 нисдэг тэрэг осолдож, спикертэй холбоотой дуулиан намжсан билээ. Гэвч УИХ-ын 2012 оны сонгуулийг товлон зарлахаас өмнөхөн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах марафон дахин эхэллээ. Тэр үед Ц.Нямдоржийг УИХ-ын даргын албанаас огцруулах гэж Н.Энхбаяр болон түүний фракцийнхан хүч хаяж байсан бол энэ удаад УИХ дахь Ардын намын бүлгийн зарим гишүүн Ардчилсан нам, МАХН-ынхантай хүч хавсрахаар шийджээ. Халдлагад өртсөн экс Ерөнхийлөгч халдашгүй бүрэн эрхт Ц.Нямдоржийг огцруулах захиалгыг өргөст торны цаанаас өгсөн нь ч ойлгомжтой. Ямартай ч Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах эсэхийг нууц санал хураалтаар шийднэ. Ц.Нямдорж нүүх үү, үлдэх үү гэдгийг ч улс төр дэх холбоотнууд мэднэ. МАХН-ын даргыг баривчилсан нь Монголын төрд хямрал нүүрлэхэд хүргэлээ.
С.БАТТУЛГА"Улс төрийн тойм" сонин
