Зэсийн ханш буурч, төгрөгийнх чангарсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Зэсийн ханш буурч, төгрөгийнх чангарсаар байх уу?

Сүүлийн үед олон улсын бир­жүүд дээр зэсийн ханш нэлээд хэл­­­бэлзэж байна. Нэг хэсэг манай төс­вийн орлогын дийлэнх хувийг бүр­дүүлдэг байсан боловч одоо нүүрс­­ний салбарт байраа тавьж өг­сөн зэсийн ханш цаашид ямархуу байх талаар тоймлон хүргэе. Түүнээс гад­на төгрөгийн ханш чангарч бай­гааг онцлох хэрэгтэй. Чухам ямар шалт­гаанаар сүүлийн үед гадаад валю­тын ханш суларч байгаа нь нэлээд анхаарал татаж буй асуудал юм.

ЗЭСИЙН ХАНШ ЦААШИД БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт олон улсын биржүүд дээр зэсийн үнэ нэлээд буурчээ. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригт Лондонгийн Металлын бирж дээр нэг тонн зэсийн ханш 8258 ам.доллар байсан. Харин өчигдөр нэг тонн нь 8165 ам.доллар болов. Зэсийн ханшийн хэлбэлзэл Хятадын зах зээлээс хамгийн их хамаардаг. Учир нь зэсийн нийт эрэлтийн 40 хувийг Хятадын хэрэглэгчид дангаараа бүрдүүлдэг юм. Гэвч тус улсын Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн өсөлтөө сааруулна гэдгээ мэдэгдсэн. Ингэхийн тулд мөнгөний бодлогоо хумихаар зэхэж байгаа юм. Тиймээс энэ оны эхний улиралд бодлогын хүүг бага байх үед нь Хятадын хөрөнгө оруулагчид зэсийг их хэмжээгээр импортолсон билээ. Харин энэ оны дунд үеэс энэхүү хандлага өөрчлөгдөх бололтой. Өөрөөр хэлбэл, одоохондоо Хятадын зах зээлийн эрэлт сулраагүй бай­гаа учир зэсийн ханш төдийлөн буурахгүй байна. Энэ он гарснаас хойш Лондонгийн Металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 14 хувиар өсчээ. Гэхдээ энэ байдал цаашид удаан үргэлжлэхгүй болов уу. Лон­донгийн Металлын биржийн шин­жээчдийн таамаглаж байгаагаар энэ онд зэсийн ханш тасралтгүй буурсаар ирэх арванхоёрдугаар сар гэхэд нэг тонн зэсийн үнэ 7900 орчим ам.доллар болох бололтой. Дэлхийн металлын биржүүд дэх зэсийн нийлүүлэлтийг тодорхойлж буй нэг гол хүчин зүйл нь Оюутолгойн орд. “Bloomberg” энэ тухай мэдээлжээ. Ирэх зургаадугаар сард болох Мон­голын парламентын сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчин уул уурхайн салбарт баримтлах бодлогыг бүрэн тодорхойлно. Түүнээс гадна Монголын дэд бүтэц төдийлөн сайн хөгжөөгүй учир алт, зэсийн асар их нөөцтэй Оюутолгойн ордын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна хэмээн “Bloomberg”-ийн шинжээчид дүгнэжээ. Олон улсын биржүүд дэх зэсийн ханш манай эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Энэ оны улсын төсвийн нийт орлогын 35 хувийг зэсийн экспортоос олох ашгаар бүрдүүлнэ хэмээн тооцсон билээ. Ингэхдээ нэг тонн зэсийн зах зээлийн үнийг 9760.5 ам.доллар байхаар бодсон юм. Түүнээс гадна тэнцвэржүүлсэн үнийг 6663.5 ам.дол­лараар тооцсон. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 6663.5 ам.доллар хүртэл унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого байхгүй болно гэсэн үг. Тогтворжуулалтын санд зэсээс нийт 168 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон. Харин зэсийн үнэ 6663.5 ам.доллараас доош буур­вал Хүний хөгжил сан, улсын төсөв, орон нутгийн төсөвт зэсээс төвлөрөх орлогын хэмжээ буурах юм.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХҮЛЭЭЛТ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ЧАНГАРУУЛАВ

Сүүлийн үед ам.доллар, юа­нийн төгрөгтэй харьцах ханш су­ларч байгаа. Өчигдрийн байдлаар “Голомт” банкинд нэг ам.дол­ларыг 1307 төгрөгөөр авч, 1324 төг­рөгөөр худалдаж байв. Харин нэг юанийг 207.5 төгрөгөөр авч, 210.8 төгрөгөөр худалдаж байлаа. Төгрөгийн ам.дол­лартай харьцах ханш л гэхэд энэ оны эхэн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсчээ. Ийнхүү төгрөгийн ханш чангарч бай­гааг Монголбанкны бодлоготой холбон тайлбарлаж болох юм. Саяхан Монголбанкнаас бодлогын хүүгээ 12.75 хувь болгож нэмсэн билээ. Бодлогын хүү нэмэгдэхийн хэрээр банкууд зээл олгохоос илүү өндөр өгөөжтэй, эрсдэлгүй гэдэг утгаар нь төв банкны үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэж эхлэх юм. Үүнээс болж арилжааны банкуудаас олгож буй зээлийн хэмжээ буурч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, зах зээл рүү гарах төгрөгийн нийлүүлэлт багассан гэсэн үг. Монголбанк инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмсэн. Үүгээр дамжуулж зах зээл дээр эргэлдэж буй мөнгөний хэмжээг бууруулж байгаа юм. Харин энэ нь төгрөгийн ханш чангарахад тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Түүнээс гадна өнгөрсөн өвөл ам.долларын ханш чангарч, нэг ам.доллар 1390 төгрөгтэй тэнцэж байв. Харин Мон­голбанк үүнийг намжаахын тулд гадаад валютын интервенц хий­сэн юм. Ер нь Монголбанк хан­шийн хөдөлгөөнд тэр болгон зо­хицуулалт хийдэггүй бөгөөд зах зээлийн жамаараа буюу эрэлт, ний­лүүлэлтээрээ зохицуулагдаж байхыг дэмждэг. Харин ханшийн хэлбэлзэл хэт их үед өөрийн нөөцөөсөө ха­мааран валютын арилжаанд оролцох тохиолдол бий. Энэ нь арилжааны банкуудаар дамжуулан зах зээл рүү ам.доллар нийлүүлсэн гэсэн үг. Үр дүнд нь ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарсан. Энэхүү бодлого нь одоо ч нөлөөгөө үзүүлсээр байгаа бололтой.

Төгрөгийн ханш чангарч байгаад нөлөөлөх өөр нэгэн хүчин зүйл нь хаврын улирал. Хэтэрхий өнгөцхөн гэж болохоор энэ дүгнэлтийн цаана уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн гэх тайлбарыг хийж болно. Урин дулаан цаг ирэхэд зөвхөн уул уурхай гэлтгүй барилгын салбар ч идэвхжиж эхэлдэг. Уг нь үүнээс болж гаднаас тоног төхөөрөмж, түүхий эд худалдан авах нь ихэсч, ам.доллар, юанийн эрэлт нэмэгддэг. Төгрөгийн ханш чангарахад хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь энэ юм. Түүнээс гадна Монголбанкны мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар төгрөгийн ханш чангарч байгаа нь хий хоосон хүлээлт бий болсонтой холбоотой аж. Тухайлбал, ноос, ноолуурын орлого нэмэгдэнэ гэх хүлээлт бий болсон нь төгрөгийн ханшийг чангаруулжээ. Түүнчлэн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, ММС компанийн 600 сая ам.долларын бондыг ам­жилттай арилжаалсан. Түү­нээс олсон ам.долларын орлого нь Монголын зах зээл рүү орж ирнэ гэх хүлээлт хэдийнэ бий болсон бололтой. Ерөнхийдөө уул уурхайн салбараар дамжуулан их хэмжээний ам.доллар Монголын зах зээл рүү орж ирнэ гэх хүлээлт ийнхүү төгрөгийн ханшийг чангаруулж байна.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж