Ираны цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг танилцуулна | News.MN

Ираны цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг танилцуулна

Ираны цөмийн асуудал, нефтийн хориг дэлхий нийтийн анхаарлын төвд дахин орлоо. Нефтийн то­моохон экспортлогч орон болох Саудын Араб “Ираны нефтийн нийлүүлэлтийг нөхөх талаар анхаарна” гэж амласан ч нефтийн үнэ зах зээлд өндөр хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу 14-ний өдөр Тур­кийн Истанбул хотноо зургаан улсын төлөөлөгчид Ираны цөмийн болон нефтийн хоригийн талаар хэлэлцсэн юм. Европын холбооны Олон улсын бодлого хариуцсан ахлах К.Аштон “Уулзалт маш амжилттай болсон гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ үеэр Иран улсын цөмийн хөтөлбөрийг аль болох зөв талаас нь буюу цөмийн эрчим хүч хэрэглэх гэсэн ойлголтыг төрүүлж чадсан болов уу. Өнөөдөр дэлхий нийт Ираныг цөмийн зэвсэг, уран баяжуулахаар нь төсөөлж байсан нь алдаа байж. Иран өөрсдийн байр суурийг илэрхийлж дэд бүтэц, цаашлаад цэнхэр гарагтай хөл нийлүүлэн алхах, хөгжилтэй орон болохын тулд их хэмжээний цөмийн эрчим хүч хэрэгтэй, шаард­лагатай гэдгийг бидэнд ойл­гуулсан. Мөн эдийн засгийн хам­гийн чухал тулгуур болох нефтийн экспортод хориг тавихгүй байх нь тухайн улсын хөгжлийн нэг гарц болохыг тодорхойлсон” хэмээв.

Барууны зарим төлөөлөгчийн хэлж буйгаар “Иран улстай одоо дахиад энх тайвны тухай ярьж эхэллээ. Өмнө нь иймэрхүү асуудал хөн­дөгдөж байхад бусад орон мөн л хоёр дахь боломжийг олгож байсан. Дараагийн уулзалтаар дорвитой асуудлыг, хэлэлцээрийг хий­нэ гэ­дэгт найдаж байна” гэсэн юм. Ноён  К.Аштон хариуд нь “Бид одоо­хондоо энхийг хүсэж, төвийг сахих байдалтай байна. Тиймээс Ираны цөмийн зэвсэг, хөтөлбөр хоёрыг ял­гаж салгах хэрэгтэй. Цөмийн эрчим хүчний хөтөлбөрт шат дараалсан арга хэмжээ авах хэрэгтэй байдаг. Цө­мийн эрчим хүчээр тэжээгдэж буй томоохон гүрнүүд мэдэж байгаа гэ­дэгт итгэлтэй байна” хэмээн нэг талаасаа Ираныг хамгаалсан үгс хэлсэн нь тэднээс магтаал хүртэв.

АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ болон ХБНГУ-ын тө­лөөлөгчид дээрх уулзалтад оролц­сон юм Европын холбоо болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтоны ахалж буй  неф­тийн хориг арга хэмжээ Ираныг эдийн засгийн “гацаанд” оруулаад байсан юм. Тодруулбал, Иранаас Герман руу нийлүүлж буй нефтийг зогсоосон байсан билээ. Исламын бүгд найрамдах улсын эсрэг авч байгаа хориг арга хэмжээний хүрээнд Ираны нефтийг худалдан авахгүй байх шийдвэрийг Европын холбоо энэ оны нэгдүгээр сард гаргасан удаатай.

Ираны цөмийн асуудлаар уул­залт ирэх сарын 23-ны өдөр Багдад хотноо болох юм. Уулзалтын гол зорилго нь цөмийн эрчим хүчийг хэрэглэхийн тулд цөмийн зэвсэгээс ялгарах үндсэн шинж чанарын талаар хэлэлцэх, Иранд хэрэгцээтэй бүхнээр зургаан улсаас туслах, олон улсын шинжээчдийг байнга ажиллуулах зэрэг хяналт шинжилгээний арга хэмжээг авахад оршиж байгаа аж. Дээрх уулзалтыг зохион байгуулснаар Иранаас цөмийн асуудлаар нааштай хариу хүлээж буйгаа Олон улсын цөмийн эрчим хүчний газрын төлөөлөгчид онцолсон байна. Гэхдээ ирэх сард болох уулзалтаас өмнө Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллагын эрдэмтэд уулзалт хийнэ гэв. Яагаад гэвэл Ираны цөмийн хөтөлбөр нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалтай холбоотой гэдгийг тэд тодотгожээ. Нөгөө талаасаа зарим улс орны бие төлөөлөгчид Иран одоо ч цө­мийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэдэгт шүүмжлэлтэй хандаж, уул­зал­тын үед Иран улсын цөмийн эр­чим хүч үйлдвэрлэхэд бэлэн бол­сон үйлдвэрүүдээр үзлэг, шин­жилгээ хийх сонирхол байгаагаа илэрхийлсэн. Иран улс нь хамгийн сүүлд 15 сарын өмнө мөн Истанбул хотноо цөмийн хөтөлбөрийн асууд­лаар дээрх зургаан улстай уулзалт хийж байсан юм.

Иран улсын Гадаад хэргийн сайд Али Акбар Салех “Манай улс дэлхийд ямар нэг цөмийн зэвсэгээр заналхийлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Улс болгон өөрийн хөгжлийн гарцыг зөв сонговол аль болох бага хугацаанд хөгжиж чаддаг гэсэн яриа бий. Манай улсын эдийн засгийн чухал гарц бол яахын аргагүй газрын тос. Европ руу нийлүүлж буй нефтийн багагүй хувийг манай улс эзэлдэг. Тиймдээ ч эдийн засгийн хориг арга хэмжээ бидэнд таагүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь нууц биш. Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд уг нь гадны шинжээчид хэрэггүй. Гэхдээ бид дэлхийд юу хийж байгаа, юу хийх гэж тэмүүлж байгаа бүхнийг ил тод болгохыг хүссэн учраас тэр. Энх тайвны хэлэлцээр гэж зарим улс тодорхойлоод байгаа. Бидний хувьд эрх чөлөөний хаалга гэж нэрлэж байна. Манай улс АНУ тэргүүтэй барууны орнууд, НҮБ-тай терроризмын эсрэг хамтран тэмцэж байна. Мөн цөмийн эрчим хүчний хэрэгжилтийн талаар сэдэв хөндвөл асуудал арай өөр болон хувирна. Гэхдээ үүнийг хэтэрхий бу­руугаар хүлээж авах хэрэггүй” гэсэн юм.

Цөмийн эрчим хүчний агент­лагийн төлөөлөгчид Иран улсын Ерөнхийлөгч Махмуд Ахма­дине­жад­тай уулзах хүсэлтэй байгаа талаар Истанбулд болсон уулзалтын үеэр мэдэгдсэн. Учир нь Ираны уран баяжуулсан хэмжээ цөмийн эрчим хүчнээс хамаагүй их буюу хязгаараас хэтэрч 90 гаруй хувьд хүрсэн талаар тэд онцолсон юм. Цөмийн эрчим хүчний үйлдвэрт, ямар нэг цөмийн эрчим хүчний байгууллагад ураны баяжуулсан хэмжээ хоёр хүрэхэд хан­галттай гэж дүгнэдэг гэдгийг дахин сануулсан. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн үзэж буйгаар Иран бусад улсын адил цөмийн эрчим хүч гарган авч болох ч цөмийн зэвсэгт ашиглахыг олон улсын хуу­лиар хориглосон байдаг юм. Тий­мээс сүүлийн 15 сарын хугацаанд Ираны нууцлаг байдал тэднийг цө­мийн зэвсэг үйлдвэрлэж байгааг илэрхийлсэн үйлдэл болсон” хэмээн өөрсдийн байр суурийг Истамбулд онцолсон аж.  

Ямартай ч Истанбул хотноо болж өнгөрсөн уулзалт Ираны хувьд ашиг­тайгаар эргэсэн. Харин Европын холбоо, АНУ тэргүүтэй барууны ор­нууд цаашид Иранд нефтийн хориг арга хэмжээ авах талаар яаралтай хэлэлцэж удахгүй мэдэгдэнэ гэдэгт Иранаас нефть импортолж буй ор­нууд итгэлтэй байгаа аж.  

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж