-Чухам яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг өргөн барих болов. МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчлах явцад гарсан үйл явдлын гол буруутан нь үнэхээр Ц.Нямдорж сайд гэж үү?
-Монгол Улсын төрийн эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллага баталж гаргасан хуульдаа эзэн болох ёстой. УИХ-ын гишүүд хууль баталчихаад “Энэ хуулийг бид хэрэгжүүлэх ёсгүй. Хэрэгжилт нь бидэнд хамаагүй” гээд гар хумхиад сууж болохгүй.
-Иргэд шаардлага өгч байгаагийн гол шалтгааныг олон янзаар хүлээж авч байгаа байх?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцсан ажилдаа хэр зэрэг эзэн болж байгааг нь ч бид авч хэлэлцсэн. Ингээд “Нөхөр Ц.Нямдоржийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй” гэж үзсэн юм. Энэ хүн цагдаа, хүчний байгууллагыг хариуцан ажиллаж буй хүний хувьд нийгмийн хэв журам сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах ажлыг ч биечлэн хариуцах ёстой.
-АТГ-ын зүгээс “Сэжигтэн Н.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааг тасалдуулсан. МАХН-ын гишүүд, дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн” гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Тухайн үед холбогдох байгууллагууд нь шийдвэр гаргасны үндсэн дээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Яах вэ. “Шүүхийн хараат бус байдал” гэх мэтээр тайлбар тавьж магадгүй. Гэхдээ тэр үед олон тооны цагдаагийн ажилтан нэг цэг дээр төвлөрсөн байсан. Улмаар тэнд байсан иргэдтэй мөргөлдөж, сөргөлдсөн. Тэнд чухам ямар үйл явдал болсныг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан шүү дээ. Иймэрхүү байдал цаашаа даамжирсан бол юунд ч хүргэж мэдэхээр байсан. Тиймээс ч энэ салбарыг хариуцаж ажиллаж байгаагийнх нь хувьд “Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хариуцлага тооцох ёстой” гэж байгаа юм.
-Гишүүдийн энэ алхмыг “Н.Энхбаяр даргыг хамгаалах гэсэн оролдлого” гэж тайлбарлах хүн олон байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хэн нэгнийг, тэр дундаа Н.Энхбаярыг хамгаалах гэсэндээ ийм алхам хийгээгүй.
-Түүнийг баривчлах үед хамт байсан гишүүдийн зүгээс Ц.Нямдорж сайдыг огцруулах санал гаргасан байх. Тиймээс ингэж асууж байна л даа?
-Бид “Төр төмөр нүүртэй” гэж ярьдаг. Гэхдээ энэ бол зүгээр л нэг толгойдоо төмөр углачихаад явахын нэр биш. Би бол энэ үгийг “УИХ-аас баталсан хууль чамбай, чанга хэрэгжих ёстой” гэсэн агуулгаар нь ойлгосоор ирсэн. Тэгээд л Ц.Нямдорж сайдыг огцруулах саналыг дэмжсэн. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй ч гэж ярьдаг. Түмэн олон МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчлах үйл ажиллагааг харсан. Тиймээс ч иргэд цагдаа, хүчний байгууллагынханд шүүмжлэлтэй хандаж байна. Нийгэмд ийм байдал үүсчихээд байхад УИХ-ын гишүүд юу ч болоогүй юм шиг алхаад байх нь хэр зохимжтой юм бол. УИХ-ын гишүүний ёс зүйд нийцэхгүй байх. Ингэж л үзсэн.
-Тийм гэж үү?
-Монголчууд өр нимгэн хүмүүс. Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх явцад Монгол ёс суртахуунаар асуудлыг тунгааж байгаа хүмүүст эвгүй харагдахаар, эвгүй сонсогдохоор үйлдэл олны нүдэн дээр болсон. Хэнийг баривчилсан гэдэг нь үнэхээр хамаа байхгүй.
-Энэхүү дүгнэлтээ ганцхан энэ удаагийн хэрэг дээр үндэслэж гаргав уу. Долоодугаар сарын 1-ний хэрэг гээд ёс зүйгүй, хууль, цагдаагийн байгууллагынхан гэм буруутныг нь олж чадахгүй олон асуудал байна шүү дээ?
-Бид олон асуудал руу үсэрхийлж байж энэ дүгнэлтийг хийгээгүй. Тодруулбал, Монголын нийгэмд хууль сахиулах ажил ямар байгаа, гэмт хэргийн байдал, гарч байгаа олон асуудал дээр үндэслэж өргөн хүрээний дүгнэлт хийгээгүй гэсэн үг.
-Зөвхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явц л Ардын намын гишүүдийг ийнхүү хөдөлгөсөн байх нь ээ?
-Өнгөрсөн долоо хоногт болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчлах ажиллагаан дээр үндэслээд л ийм шийдвэр гаргасан.
-Ц.Нямдорж сайдыг огцруулснаар асуудал шийдэгдэх болов уу?
-Ямар ч байсан энэ салбарыг хариуцаж байгаа сайдтай хариуцлага тооцохоос өөр аргагүй.
-Та бүхний шийдвэрийг зарим хүн “Цагаа олоогүй алхам” гэж шүүмжилж мэдэх юм. Ялангуяа Ардын намын удирдлагууд?
-УИХ-ын хаврын чуулган богино хугацаанд хуралдана. Дээрээс нь УИХ-ын 2012 оны сонгууль хэзээ мөдгүй болох гэж байгаа. “Ийм үед Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг ярьж, шуугиан тарих хэрэг байгаа юм уу” гэсэн шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн хууль гажиж байхад дуугүй хараад суух нь УИХ-ын гишүүний ёс зүйд нийцэхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос энэ үйл явцын талаар тодруулахад “Би мэдээгүй” гээд сууж байгаа юм. Ийм байж болохгүй. Цагдаа, хүчний байгууллагууд ямар алхам хийж байгааг энэ хүн мэдэж байх ёстой. Ялангуяа олныг хамарсан эмх замбараагүй явдал болох нөхцөл бүрдсэн үед “Би мэдээгүй. Унтчихсан байсан” гэсэн юм яриад сууж байгаа нь зөв үү. Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг Ардын намын нэр хүнд дээшлэх үү, доошлох уу гэдгийг дэнсэлж байгаа цаг үед хөндөж байгаа. Гэхдээ энэ бол намд болж буй эрүүл үзэгдэл.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Баттулга Н.Нямдорж сайдыг “Авлига авсан байж болзошгүй” гээд шүүхэд өгсөн. Дээрээс нь Ардчилсан намын бүлгийнхэн цахим үнэмлэх хэвлэх хугацаа хойшилсны буруутнаар түүнийг нэрлэж байгаа. Энэ үед Ардын намын гишүүд нэгнийгээ огцруулах талаар ярьж байна шүү дээ?
-Огцруулах шаардлагад гарын үсэг зурсан гишүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал дээр үндэслэн шийдвэр гаргасан гэдгийг би дээр хэлсэн. Ц.Нямдорж сайдын хувьд Х.Баттулга гишүүнийг “Нууц гэрээ байгуулсан” гэх зэргээр шүүмжилж байгаа. Гэхдээ гэрээ байгуулсныг нь би хараагүй. Үнэн бол байж болохгүй асуудал. Шинэ төмөр зам байгуулна гэдэг бол асар том асуудал. Тиймээс энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Цахим үнэмлэх хэвлэх ажил хойшилсон нь Ц.Нямдорж сайдтай холбоогүй. Би энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ч хэлсэн. Харин ч энэ хүн “Цахим үнэмлэх хэвлэх ажил 14 хоногоор хойшиллоо. Шаардлагатай арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн байх.
-Гишүүд ийнхүү шаардлага өгч байгааг “Ардын намын гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дагах гэж байна. МАХН-д элсэх гэж байна” гэж дүгнэж байгаа хүн олон бий?
-Энэ өнцгөөс нь харж байгаа хүн байгаа байх. Гэхдээ миний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжих гэсэндээ ийм шийдвэр гаргаагүй. Бусад нь юу гэж бодож байгаа талаар мэдэх зүйл алга.
-“УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдвал Р.Раш гишүүн элсэхгүй юм байна” гэж ойлгож болох уу. Н.Энхбаяр дарга баривчлагдахаасаа өмнө “Бүлэг байгуулахын өмнө ийм зүйл боллоо” гэж байсан?
-Намынхаа жанжин шугамнаас хазайгаад байдаг цаг маань өнгөрсөн байх аа. Гэхдээ хэлэх гэснээ бол хэлж л таарна.
-Гишүүдийн шаардлагыг нааштайгаар шийдэх боломж хэр байгаа бол. Хэрвээ УИХ хүлээж авахгүй бол яах вэ?
-УИХ энэ талаар хэлэлцэж, зөв шийдвэр гаргаж чадах байх гэдэгт найдаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин