Ардын намын нэр бүхий найман гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах шаардлагыг УИХ даргад өчигдөр өргөн барив. УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Р.Раш, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарын өргөн барьсан шаардлагад “2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцдаа цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартсан аж. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, УИХ-ын бүрэн эрх, УИХ-ын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт үйлдэл өдөөсөн. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёс зүйн хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой. Иймд дээрх байдлыг болон Ардын намын Удирдах зөвлөл, УИХ дахь Ардын намын бүлгээс гаргасан мэдэгдэлд “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой” гэсэн мэдэгдлийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах санал тавьж байгааг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” хэмээсэн байна. Дээрх гишүүдийн дунд Н.Энхбаярыг баривчлах үеэр гэрт нь байсан дөрвөн гишүүн байсан бөгөөд тэд хуучин намынхаа батлахыг сэргээж МАХН-д элсэж магадгүй байгаа юм. “МАХН-ын нууц гишүүд” хэмээх нэрийг хэдийнэ зүүсэн тэд намаасаа гарах эхний алхмаа ийнхүү хийж байгаа бололтой. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Загджав Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шалтгааныг тайлбарласан юм. Тэрбээр “Ц.Нямдорж гэдэг нөхөр Хууль зүй, дотоод хэргийн яамыг өөрийн өмч мэтээр ойлгоод байх шиг байна. Энэ хүнийг огцрох ёстой гэдгийг хэлсэн ч ухамсраараа огцрох эр зориг алга. Тиймээс бид Монгол төрийн хуулийг хүндэлж, иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэн энэхүү шаардлагыг тавьж байна. Гэмт хэргийн бүлэглэл, шүүхээс оргон зайлсан, нийгэмд ноцтой хор аюул учруулж болохуйц этгээдүүд цугласан нөхцөлд цагдаагийн байгууллага энэ хэмжээний хүч хэрэглэж, үйл ажиллагаа явуулж болно. Цагдаагийн байгууллагын явуулсан үйл ажиллагааны хариуцлагыг салбарын сайдтай нь тооцох ёстой. Тиймээс УИХ-ын даргад ийм шаардлага тавилаа. Хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” хэмээсэн юм.
Р.САРАНГОО
"Улс төрийн тойм" сонин